<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Ар Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр 700 хүн нэвтэрчээ
featured

Ар Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр 700 хүн нэвтэрчээ

 Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэмд ороод байна. Энэ өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар Гүнтийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгт өглөөний 08.20 цагт очиход хөл хөдөлгөөн цөөн байв. Тус постоор өчигдөр, 11 дүгээр сарын 11-нд 650 хүн тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч, 43 хүн нийслэл хотоос гарсан талаар энд ажиллаж буй НМХГ-ын байцаагч Б.Золзаяа мэдээлэв. Нийслэлээс гарсан хүмүүс нь зохих шийдвэрийн дагуу нэвтрэх, бараа, бүтээгдэхүүний борлуулалтын ажилтнууд, мөн буян ажлаар яваа иргэд байжээ. 

Өчигдрийн байдлаар хяналтын цэгүүдээр нийслэлээс гарах хөдөлгөөнийг хорьж, зөвхөн хот руу нэвтрүүлж байсан бол өнөөдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд ороод байгаа энэ үед иргэд, тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлж буй эсэхийг тодруулахад, Бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан энэ талаар одоогоор шийдвэр ирээгүй байна гэсэн хариултыг өгч байв. Биднийг очиход тээврийн хэрэгслийг хот руу оруулахгүйгээр зарим иргэд төмс, хүнсний ногоог нийслэлээс ирсэн машинд шилжүүлэн ачиж байв. 

Тухайн хяналтын цэгт ЦЕГ-ын Хэв журам сахиулах болон Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн алба хаагч, НМХГ, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар анги, дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг холбогдох байгуулллагын 11 ажилтан хөл хорионы дэглэмийг сахиулахаар 24 цагаар ажиллаж байна.