<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Иргэдийн алга дарам газарт шунах Ж.Ганбаатар гишүүний компани
featured

Иргэдийн алга дарам газарт шунах Ж.Ганбаатар гишүүний компани

Газрын дээрэм гэх үг их хотынхны толгойны өвчин болсоор удаж байна. Аль цагийн л энэхүү дээрмийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу гэх нэрийн дор эрх мэдэлтний гарын үсэг, тамгатай бичгийн далайлтаар явагдаж ирсэн билээ.

Ерөнхийдөө азай буурлуудын нарлах, алдрай үрсийн тоглоомын талбай, хороолол дундах ногоон байгууламжийг эвдэн сүйтгэж болсон болоогүй барилга байгууламж барих цагаандаа гарсан дээрэм өнөөдөр ч амь бөхтэй хэвээр. Улсын нийслэлийн хөгжил сүндэрлэж байгаа барилгаас хамаардаг хэрэг үү. Эсвэл иргэдийн ая тухтай амьдрах орчноос уу гэж асуух цаг нэгэнт болжээ.

Барилга байшин барьж нийслэл өнгө зүс нэмж байгаа хэдий ч түүнийг дагасан ногоон байгууламж, тоглоомын талбай хэр их бий болж байгаа бол. Үнэндээ хүүхэд хөгшдийн нарлах, тоглох, ногоон байгууламж бүхий дээрэмдсэн талбайгаас нь хэд дахин багасдаг нь нууц биш. Энэ дүр зураг сүүлийн хоёр, гурван арван жилийн турш нүднээ илхэн байна. Газар дээрэмдэх үйл ажиллагаа одоо ч явагдсаар. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооны нутагт ногоон байгууламж сүйтгэн барилга барихаар сүйтгэж эхэлжээ. Энэ асуудлаас үүдэн иргэд эсэргүүцэн тэмцэж байгаа ч хүчитний өмнө хүчгүй мөхөс гэдэг шиг зүйл өрнөж эхэллээ. Энэ талаарх мэдээлэл сошиал орчинд ч тавигдсан байгаа. Тухайн газарт барилга барихаар улайран зүтгэж байгаа эрхэм бол УИХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдсон эрхэм гишүүн Ж.Ганбаатар. Оргилын гэх тодотголтой эрх мэдэлтэн энэ удаагийн сонгуулиар БГД-ийн тойрогт өрсөлдөн төрийн түшээ цол хүртсэн билээ.

Алдрай үрсийн наадан тоглох, азай буурлуудын нарлах тэр жаахан газраас хумслан, хулгайлж барилга барихаар зүтгэхийн учир юу билээ. Зөвхөн өөрийн эрх ашгийг өндөрт тавьж, бусдынхыг уландаа гишгэн, баяжиж хөлжихөөр зүтгэх нь гутамшиг мэт. Сонгуулиар нэр дэвшин явахдаа иргэдийнхээ сайн сайхны төлөө гэж амаа ангатал ярьж явсан цаг саяхан. Тэгвэл зөвхөн дэвшсэн тойргийн иргэдийнхээ эрх ашгийг л хамгаалах ёстой хэрэг үү, Ж.Ганбаатар гишүүн ээ. Учир нь, таны компани тэрхүү газар шунан тэмүүлж, улайран зүтгэж байгааг иргэд уур бухимдалтайгаар ярьж байна. Парламентад түмэн олныг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалах, ая тухтай амьдрах орчинг нь бүрдүүлэн, хууль тогтооно гэсэн тангараг өргөсөн байх та. Гэтэл Монгол Улсын иргэдийн нэгээхэн хэсэг болсон Хан-Уулынхан үүнд хамаагүй юу.

Энэхүү асуудалд хүчин мөхөсдсөн иргэд дүүргийнхээ засаг ноёнд ч өргөдөл гомдол гаргасан байгаа. Засаг дарга Ж.Алдаржавхлан уг асуудалд анхаарал хандуулан барилга бариуулахгүй байх ёстой гэсэн шийдвэрт хүрсэн гэдгээ сошиалаар ч илэрхийлээд амжсан. Холбогдох газруудад ч албан бичиг илгээсэн байгаа юм. Ямар бичиг хаашаа илгээсэн нь тодорхой бий.

 

МАН-ын зүгээс өнгөрсөн 4 жилд Улаанбаатар хотын иргэд 90 гаруй хувийн аз жаргалд умбаж байгаа мэдээлэл түгсэн. Ёстой жаргахыг үзүүлж байгаа л юм байна гэж итгэв. Гэтэл нарлах талбайгаа дээрэмдүүлж, хөөцөлдөн тоглох орчингүй болж байгаа маргаашийн ирээдүй аз жаргалтай байгаа гэдэгт итгэх арга алга. Ирээдүйгээсээ хулгайлах нь аз жаргал юм болов уу. Үүнийг эрхэм гишүүн Ж.Ганбаатар тайлбарлах биз ээ. Эсвэл нарлах, тоглох талбайг устгаж, газрыг нь булаан авснаар аз жаргалд умбуулж байгаа бололтой. Ер нь, ийм маягийн аз жаргалд умбаж, живсээр их хотын иргэд “жаргаж үхлээ” байна.

Эрх мэдэлтэн, эрхэм дарга нар, төрийн түшээ та бүхэнд хандан хэлэхэд иргэдээ дээрэлхэж, ирээдүйгээсээ элдвийг булаахгүй байхыг хүсье. Ая тухтай, аюулгүй орчинд амьдрах тэдний хүсэл мөрөөдлийг бүү уландаа гишгээч. Өнөөдрийн өнгө мөнгөний төлөө азай буурал, алдрай үрсийн жаахан газрыг хэвээр үлдээгээч, Ж.Ганбаатар гишүүн ээ. Их хотын энэ мэтийн жижиг газар барилга барихаас илүүтэй орон зай Монгол Улсад бий.