<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Тайванийн Үндэсний Хааны ордон музейд бэсрэг монгол наадам зохион байгуулав
featured

Тайванийн Үндэсний Хааны ордон музейд бэсрэг монгол наадам зохион байгуулав

    Тайванийн Үндэсний Хааны ордон музейд болж буй “Монгол сар” цуврал үйл ажиллагааны  хүрээнд энэ сарын 10,11-нд бэсрэг наадам зохион байгууллаа.

Энэ үеэр тайваньчуудад бөх барилдах, морь унах, нум сум харвах, бүргэд сургах зэрэг хөтөлбөрийг сонирхуулсан төдийгүй монгол үндэстний идээ ундаагаар дайлж, нүүдэлчин ард түмний өвөрмөц онцлог бүхий соёлыг танилцуулав. Сур харвааны үзүүлбэрийг үзүүлж сонирхуулсан хоёр сур харваач өмнө нь Монгол оронд биечлэн ирж, туршлага судалсан харваачид бөгөөд тэдний нэг нь холын зайн сур харвааны аварга шалгаруулах тэмцээний дэлхийн хоёр удаагийн аварга Шү Жиэ Кэ юм. Бөх барилдах, морь уралдах, бүргэд сургах зэрэг үзүүлбэрт Тайваньд суралцаж буй монгол оюутан залуус оролцсон байна.

Түүнчлэн наадмын үеэр монгол үндэстний гар урлалын эдлэл, үхрийн махаар хийсэн бууз, хуушуур, шорлог, цуйван, сүүтэй цай, чацарганы халуун ундаа зэрэг монгол үндэстний идээ ундаагаар үйлчилсэн юм.

Үзэсгэлэнгийн танхимд халх, буриад, дөрвөд, торгууд ястны хувцас хэрэглэл тавьж, монгол үндэстний уламжлалт хувцастай танилцах боломжийг бүрдүүлжээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, “Тайванийн Үндэсний Хааны ордон музей Монголын эзэнт гүрний үеийн хосгүй үнэт түүхэн дурсгалыг хадгалахаас гадна Монгол үндэстний түүх, уламжлалт соёл, ёс заншлыг хадгалж хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тайваньд одоогоор хэдэн зуун монгол угсаатан аж төрж байгаа. Тайваньд сурч буй монгол оюутнуудын тоо хурдацтай нэмэгдэж, иргэд харилцан гэр бүл болж байгаа зэргээс улбаалан хоёр тал соёлын салбарт улам бүр ойртон нягтарч, үүнийгээ дагаад талуудын харилцан ойлголцол ч улам бүр нэмэгдэж байна” гэв.

Чингис Хаан Монгол угсааны овог аймгийг нэгтгэсний дурсгалд зориулан 1206 онд хамгийн анхны наадмыг зохион байгуулж байсан хэмээн Тайванийн Үндэсний Хааны ордон музейн өмнөд салбараас тайлбар хийжээ.