<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Их Британийн эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
featured

Их Британийн эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

 Их Британийн эмнэлгүүдэд коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн тоо гуравдугаар сард байснаас илүү олон болж, Хятад сая хүнтэй Циндао хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулж байхад БНСУ нийгмийн тусгаарлалттай холбоотой дүрэм журмаа зөөлрүүлсэн байна. Дэлхий дахины “Covid-19”-тэй холбоотой эдгээр болон бусад мэдээллийг хүргэж байна.

Улс оронд нь халдварт өвчний нөхцөл байдал огцом дордож буйтай холбоотойгоор Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй шуурхай зөвлөгөөн хийжээ. Зуун мянган хүнд ноогдох өвчтөнүүдийн дундаж тоо тус улсад хоёр долоо хоногийн хугацаанд 493 гаруйд хүрч өссөн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд одоогоор Европтоо мөн хамгийн их тохиолдол нь болоод байна. Чехийн эрх баригчид тусгаарлалтын арга хэмжээг дахин авах бодолгүй байгаа бөгөөд одоо хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээг хангалттай гэж үзэж байна. Тухайлбал, үнэгүй интернетийн үйлчилгээ үзүүлэхгүй байхыг худалдааны төвүүдэд үүрэг болгосон нь өсвөр насныхныг иймэрхүү газар нэг дор цуглахгүй байлгахыг зорьж буйтай холбоотой юм.

Чехэд шөнийн цэнгээний газрууд болон зоогийн газрууд долоо хоног гаруйн хугацаанд оройн 8 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Эдгээр газруудад хэсэгтээ архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг Бабиш даваа гарагт санал болгосон байна.

Их Британийн эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байна

Нөхцөл байдал аюултай байдалд шилжиж байна гэж Их Британийн тархвар судлаачид үзэж байна. Халдварт өвчинд илүү өртсөн бүс нутгууд бүх хүчээ дайчилж, ойрын долоо хоногуудад олон тооны өвчтөн хүлээн авахад бэлтгэлтэй байхыг эмч нар уриалжээ. Их Британийн эмнэлгүүдэд өнгөрсөн гуравдугаар сард буюу хязгаарлалтын арга хэмжээ авахаас өмнөх үеийнхээс илүү олон өвчтөн хэвтэж байна. Эрсдэлийн бүлэгт багтдаг настай хүмүүсийн дунд халдварын тохиолдол огцом нэмэгдэж буй нь ажиглагджээ.

Аюулын түвшнүүдэд хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүд авна гэдгээ Их Британийн Засгийн газар даваа гарагийн орой мэдэгдсэн байна. Дахин тусгаарлалтын арга хэмжээ авах нь цар тахалтай тэмцэхэд авах үр дүнтэй арга хэмжээ гэдэгт хувьдаа итгэхгүй байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон онцолжээ. Үүний оронд тусгаарлалтын гурван түвшний систем нэвтрүүлэхийг тэрбээр санал болгожээ. Их Британийн ихэнх дүүрэгт одоо хэрэгжиж буй хязгаарлалт буюу нэгдүгээр түвшний дүрэм журам үйлчилсэн хэвээр байгаа аж.

Дэлхий дахинд юу болж байна?

Хятадын Циндао хотын эрх баригчид 9 сая оршин суугчаа тав хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулахаар болсон юм. Орон нутгийн эмнэлгүүдийн нэгэнд халдварын олон арван тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авахаар болжээ.  Өнгөрсөн тавдугаар сард 11 сая хүн амтай Ухань хотод мөн бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулсан билээ. Хятадын эрх баригчид маш хурдан хугацаанд олон хүнийг шинжилгээнд хамруулах арга барилыг эзэмшиж, нөхцөл байдал хяналтандаа авсан гэдгээ мэдэгдсэн юм.

Иранд халдвар авсан хүний тоо хагас сая давжээ. Тус улсад нэг өдөрт 3800 гаруй тохиолдол илэрсэн юм. Тэдний дунд Ираны атомын эрчим хүчний салбарын тэргүүн Али Акбар Салехи байсан аж. Техранд олон нийтийн газар амны хаалтаа зүүхгүй явбал торгох дүрмийг нэвтрүүлсэн байна.  Иранд халдварын улмаас 28.5 мянган хүн нас баржээ.

Улс оронд нь нөхцөл байдал харьцангуй хэвийн болсонтой холбоотойгоор БНСУ-ын эрх баригчид нийгмийн тусгаарлалттай холбоотой дүрэм журмыг зөөлрүүлэхийг зөвшөөрчээ. Тус улсад өдөрт илрэх тохиолдлын тоо хэдэн долоо хоногийн туршид 50 даваагүй юм. Ургацын баярыг тохиолдуулсан олныг хамарсан арга хэмжээний дараа ч тус улсад халдвар дэгдээгүй байна. Тус улсад шөнийн цэнгээний газрууд, спортын заалууд, кафенууд нээгдэж байна. Спортын цэнгэлдэх хүрээлэнгүүд дэх үзэгчдийн тоо урьдын адил суудлынхаа тооны гуравны нэгээс хэтрэхгүй байх ёстой аж. Түүнчлэн олон нийтийн газруудад амны хаалт зүүлт дүрэм хэрэгжсэн хэвээр байна.