<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Иж бүрэн спортын талбай ашиглалтад орууллаа
featured

Иж бүрэн спортын талбай ашиглалтад орууллаа

 Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд 1.8 га газарт спортын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн  байгууллаа. Тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Монгол менежмент төв” компани ажилласан бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван жил энэ талбайн засвар арчлалтыг хариуцах аж. Энд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөн, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөн уртын харайлтын зам, 1155 ам метр явган зам хийжээ. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, гэрэлтүүлэг, нийтийн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай ашиглалтад оруулсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Өнгөрсөн намраас энд спортын талбай байгуулах ажил эхэлсэн. Гүйлтийн тартан зам цар тахлын улмаас хил дээр саатсан нь есдүгээр сарын сүүлээр бууж, дэвсэлт болон тэмдэг тэмдэглэгээ хийж дууслаа” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэд ирж тоглодог, чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг, хүүхэд, залуус спортоор хичээллэдэг, ахмад настан салхилдаг газар байлгахыг зорьсон. Энд ирээд бүх нийтийн биеийн тамир спортоор хичээллэх боломжийг нь хангах ёстой” гээд талбайн арчлалт хамгаалалт болон иргэдэд чиглэсэн менежменттэй холбоотой ажил зохион байгуулахыг холбогдох байгууллагад үүрэг болголоо.