<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шүүгч Ц.Өнөрцэцэг,Б.Сайханцэцэг нарт 2 жилийн хорих ял оноожээ
featured

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шүүгч Ц.Өнөрцэцэг,Б.Сайханцэцэг нарт 2 жилийн хорих ял оноожээ

 Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, гэм буруутайд тооцож, тус бүр хоёр жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсан байна.  Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шүүсэн юм.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдсэн.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,

Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлсэн билээ.