<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил агсны аав Х.Мөнхцогт гомдолтой явна
featured

“Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил агсны аав Х.Мөнхцогт гомдолтой явна

Зуурдаар амь насаа алдсан “Street dreams” шоуны ялагч, “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргилын аав Х.Мөнхцогт мэдэгдэл хийснийг толилууья.

-Маш хүнд байгааг ойлгож байна. Гэвч яг ямар ослын улмаас орь залуу хүү амиа алдав гэдэг дээр бодит мэдээлэл авах гэсэн юм?

-Хүүгийнхээ сайн сайхныг бодоод өнгөрөөе гэж бодсон ч тэссэнгүй… ЦЕГ-ын Хэвлэлийн мэдээллийн албаны дарга Баатархүү, TV5 телевизээр миний хүүгийн талаар мэдээлэл хийсэн. Шүүх, эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад тийм мэдэгдэл хийсэнд нь үнэхээр харамсаж байна. ЦЕГ-аас бидэнд миний хүүг найз охиныхоосоо цагаан даавуу унжуулан буух үеэрээ унаж, нас барсан гэж хэлсэн.  Гэвч хүү минь нас барахынхаа өмнө Баянгол дүүргийн цагдаагийн газарт бусдад дээрэмдүүлж, зодуулсан тухайгаа гурван нүүр өргөдөлд багтаан бичиж өгсөн байсан. Тэр өргөдлийг бидэнд уншуулаагүй. Өргөдөлд нэг хүний нэр дурдсан байсан. Тэр хүн миний хүүг багалзуурдан, толгойг нь боосныг нь мэдэж авсан. Хүү минь өргөдөлдөө дэлгэрэнгүй бичиж өгсөн. Хүү минь ийм юм болчихлоо гээд Цагдаад хандахад яагаад хамгаалаагүй юм бэ. Зодсон хүнтэй нь уулзаад, бидэнд хэлж болоогүй юм уу?

-Тэгэхээр хүү чинь найз охиныхоо гэрт байсан юм уу?

-Хүү минь яг тэр зодсон айлдаа ороод, таван давхраас нь унаж. Яагаад өмнө нь зодуулчихаад, дахиад гэрт нь очсон юм. Цагдаагийн газрынхан хүүг минь таван давхраас унасан тухай л яриад байгаа. Өмнө нь тэгж зодуулсан, ийм өргөдөл, гомдол бичсэн тухай нь яагаад ярихгүй байгаа юм бэ. Үүнд их эмзэглэж байна. Б.Баатархүү миний хүүг гадны нөлөөгүй нас барсан гэж хэлсэн байна лээ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, итгэх ч үгүй. Харин ч эсрэгээрээ хамгийн их гадны нөлөөтэй гэж бодож байна. Шууд хэлэхэд, тэр зодсон, таван давхраас үсрэх шалтгаан болсон хүнийг энэ хэрэгт холбогдолгүй болгох гээд байна гэж харж байна. Ах нь өдий хүртэл наслахдаа их юм үзсэн. Гэхдээ цагдаагийнхныг ийм хүнд сурталтай, дээрэнгүй, буруу харилцаатай гэж үнэндээ бодсонгүй. Ажлаа мэдэж байна гэсэн мөртлөө мэддэггүй хүмүүсээр дүүрч.

-Найз охиных нь гэр юм уу. Найз охиныг та таньдаг байсан уу?

-Бид хүүгийнхээ найз охиныг танина. Тэр айлд байсан охин миний хүүгийн найз охин биш. Хүү минь биднээс юугаа ч нуудаггүй. Энэ хэргийг шалгахад огт танихгүй, мэдэхгүй нэг охин “Би найз охин нь” гээд зогсож байсан гэнэ. Тэр охины аав миний хүүг нүдсэн, зодсон гэж ойлгож, таамаглаж байгаа. Тэр хүнээс миний хүү үнхэлцгээ хагартал айсан болоод л цонхоор үсрэх шийдвэр гаргасан ч юм бил үү. Тэр хүн л өмнө нь миний хүүг зодоод, дээрэмдээд, утсыг нь авчихсан байсан. Үнэхээр харамсалтай, эмзэглэж байна. Цагдаагийнхан яагаад үүнийг үгүйсгээд, гадны нөлөөгүй гэж байгаа юм бэ. Үүнийг ойлгохгүй байна. Бидэнд гэрч бий.

Хүүг минь хөнөөсөн гэж хардаж буй аав, охин хоёрын тухай надаас цагдаа нар маш их нууцалж байгаа. Яагаад тэгж байгааг нь би мэдэхгүй. Өнөөдөр би Баатархүүтэй холбогдсон. Тэгэхэд энэ хэргийн материал, өргөдөл нь өөр байцаагчид шилжсэнийг хэлсэн.

-Яагаад байцаагчийг нь сольсон юм бол?

-Хүү минь тав, зургаан хүнд зодуулж, шидүүлж нас барсан гэдэг худлаа мэдээлэл битгий тараагаарай гэж хүүгийнхээ найзуудад хандаж хэлье. Нэг хүн байгаа гэж бол би сэжиглэж байна. Би хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явна. Айлд зодуулаад нас барчихаад байхад Цагдаагийн газар гадны нөлөөгүй гэж мэдэгдэж яаж чадаж байна аа. Тийм мэдэгдэл гаргасанд гомдож байна. Баатархүү юу болсныг яаж мэдэж байгаа юм бэ. Цагдаагийн газраас энэ хэргийн гэрч бий гэсэн. Миний хүүг таван давхраас үсрээд даавуунаас зүүгдэж байхад техник технологи хөгжсөн өнөө цагт тэр гэрчүүд бичлэг хийхгүй яав даа. Би тэр гэрчүүдэд нь итгэхгүй байна...