<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Зээлийн болон хадгаламжийн хүү буурна гэсэн хүлээлт байна
featured

Зээлийн болон хадгаламжийн хүү буурна гэсэн хүлээлт байна

 Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ Монголбанктай хамтран “Инфляцын хүлээлт” түүвэр судалгааг иргэд болон ААН-үүдийн дунд явуулжээ. 

Энэ удаагиийн судалгаа нь уламжлалт асуулгаас гадна "COVID-19"-ийн халдварын цар тахал ААН-үүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл болон цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийг тодруулснаар онцлогтой болжээ. ААН-үүдийн дунд явуулсан түүвэр судалгааны гол үр дүнг танилцуулбал:

  • ААН-үүд инфляцын түвшинг тоон хариултын хувьд 2020 оны III улиралд 5.6 хувь, II улиралд 6.4 хувь байхаар тус тус хүлээж байна,
  • Харин ААН-үүдийн чанарын болон мэдрэмж (үнийн өсөлтийг мэдэрч буй байдал)-д суурилсан инфляцын хүлээлтийн хувьд 2020 оны III улирал болон 2021 оны II улиралд инфляцыг тэг хувийн орчимд буюу үнийн өсөлт харьцангуй тогтвортой байхаар хүлээж байна,

  • ААН-үүдийн дунд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт давамгайлж байна,
  • ААН-үүд ирэх 3 сарын хугацаанд нийт эрэлт буурна гэж хүлээж байна,
  • ААН-үүд ажлын байр болон цалингийн түвшнийг бууруулахаар төлөвлөж байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 78 хувь нь ирэх улиралд инфляцын түвшинг зорилтот түвшин болох 8 хувиас хэтрэхгүй гэж хүлээж байна,

  • Иргэд зээлийн хүү болон хадгаламжийн хүүг ирэх 3 сарын хугацаанд буурна гэсэн хүлээлттэй байна,
  • Иргэдийн төгрөгт итгэх итгэл өмнөх улиралтай харьцуулахад суларсан байна,
  • Иргэдийн дунд ирэх 3 сарын хугацаанд эдийн засгийн өсөлт муудна гэсэн хүлээлт давамгайлж байна.

"COVID-19"-ийн халдварын цар тахал нь өрхийн санхүүгийн байдал, иргэд (тэр дундаа бага орлоготой болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд)-ийн цалинд сөргөөр нөлөөлжээ. Иргэдэд цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийн хувьд: 

  • Засгийн газар, Монголбанк болон арилжааны банкууд "COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг авч буй бодлогын арга хэмжээний уялдааг хангаж, олон нийтийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулахад анхаарч ажиллах, 
  • Монголбанкнаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хүүг бууруулж, хугацааг сунгах арга хэмжээг шат дараатай авах, хэрэгжилтийг хангах,
  • Засгийн газраас төсөвт тодотгол хийж, төсвийн сахилга батыг хангах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэргийг онцолжээ. 

 

“Инфляцын хүлээлт” түүвэр судалгаа Монголбанк тогтмол явуулдаг билээ. Энэ удаа МҮХАҮТ-тай хамтран "COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг авч буй хориг арга хэмжээтэй холбоотойгоор Дэлхийн банкны “CAPI” системд суурилан анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулжээ.