<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган Солонгост ажиллаж байна
featured

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган Солонгост ажиллаж байна

 Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Бээжин - 2008" олимпийн аварга Э.Бадар-Ууган Солонгост ажиллаж байгаа тухайгаа цахим хуудсандаа бичжээ. Тэрээр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Коронавирусийн улмаас БНСУ-д гацжээ. Яагаад ирэх боломж түүнд олдохгүй байгаа юм бол гэж түүний шүтэн бишрэгчид,алба амины найз нөхөд нь гайхширч байна. Солонгосоос ирсэн онгоц болгонд тасалбар авах гээд чадсангүй юу. Эрхбиш олимпийн аварга,Хөдөлмөрийн баатар хүнд монголчууд хүндэтгэлтэй хандах арга байсангүй юу. Эсвэл гавьяат маань тэнд мөнгө хийх гээд үлдэв үү. Уг нь түүний хувьд Монголын мөнгөтэй эрхмүүдийн нэг болсон. Одоо тэрээр Солонгост удаан хугацаанд амьдарч байгаа болохоор амиа тэжээхийн тулд загасны дэлгүүрт ажиллахаас аргагүйд хүрсэн бололтой. Эх оронтой,байгуулсан гавьяатай хүн арай ч хүний нутагт хөлсөө урсган хар ажил хийхдээ тултал доош орлоо гэж үү. Монголд олимпийн аварга хэд билээ.

Аварга саань цахим хуудастаа "Нутаг руугаа буцаж чадахгүй болохоор энд нэг иймэрхүү ажил хийгээд амьдарч байна даа. Миний монголчуудын хөлс энэ гадаад улс оронд хичнээн ихээр урсаж, чамд баяр баясал, гуниг харууслын алийг авчрахыг би таашгүй" гэжээ.

Э.Бадар-Ууган 1998 оноос эхлэн боксын спортоор хичээллэж, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг олонтоо цуурайтуулсан шилдэг тамирчдын нэг билээ.

Өдгөө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй түүний түүхэн амжилтыг уншигч танаа энэ дашрамд эргэн сануулья.

1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тамирчны замналдаа 48-56 кг-ийн жинд хүч үздэг байв.

Боксын спортоор 1998 оноос Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн удирдлагаар эхлэн хичээллэсэн гэдэг. 2005 оны нэгдүгээр сарын 19-өөс үндэсний шигшээ багийн, гишүүн болж, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын тамирчин байв.

Монгол Улсын дөрөв (2002, 2003, 2005, 2006), МБАТ-ий XII спартакиадын нэг (2008) аварга, Монгол Улсын залуучуудын дөрөв, (2001, 2002, 2003, 2004), Улаанбаатар хотын нэг удаагийн аварга (2003).

2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон ДАШТ-ий мөнгөн медальт, Казахстанд болсон Оюутны ДАШТ-ий аварга (2006), 2007 оны Ази тивийн аварга, 2005 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай, Катар Улсад болсон Азийн спортын XV наадмын хүрэл медальт (2006).

Турк улсад болсон Ахмед Комертийн тэмцээний алт (2006), ХБНГУ. "Химийн цом" "А" зэрэглэлийн тэмцээний алт (2006), БНАСАУ. "Пхеньяны цом" тэмцээний алт (2005), ОХУ. "Өвөр Байгал" тэмцээний алт (2005). 2007 онд Улаанбаатар хотноо болсон Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээний аварга.

2008 онд Украйны Мариуполь хотноо болсон Макар Мазайн нэрэмжит олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний алтан медальтай. 2008 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монголын боксын 60 жилийн ойн нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль зүүж байлаа.

Түүнчлэн Чех улсад болдог "А" зэрэглэлийн "Grand Рriх" тэмцээний мөнгө (2007), хүрэл (2006) медальтай, "China Mobile Cup" тэмцээний мөнгө (2004). ОХУ-ын Хабаровск хотод болсон ЗХУ-ын баатар К.А.Коротковын нэрэмжит олон улсын тэмцээний мөнгөн медальт (2008).

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Урумчи хотноо болсон олон улсын тэмцээний хүрэл медальтай (2003), Пакистанд болсон "Green Hill" тэмцээний хүрэл (2004) медальтай, ОХУ-ын Сахад болдог С. Исмайловын нэрэмжит тэмцээний хүрэл медальтай (2006

2005 онд БНХАУ-ын Мианиан хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байв.

2007 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авснаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдох Олимпийн их наадамд оролцох эрхийг Монголын боксчдын дундаас анх түрүүлэн хүртсэн байна.

Ингээд 2008 оны 8-р сарын 9-24-ний өдрүүдэд зохиогдсон Олимпийн XXIX их наадмын боксын тэмцээнд амжилттай хүч үзэж, Мексикийн боксчин Оскар Зальдезийг 15:4, Ирландын Жон Жо Невинийг 2 удаа нокдаунд оруулан 9:2, Ботсван улсын боксчин Хумисо Игкополенгийг 15:2, шөвгийн дөрөвт Молдав улсын Вячеслав Гожаныг 15:2, шувтаргын тулаанд БНКУ-ын Янкиел Леон Аларконыг 16:5 харьцаатай онногоор тус тус ялж, олимпийн аварга боксчин цолыг Монгол эх орондоо анх удаа дуулгасан билээ.

2008 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон дэлхийн цомын тэмцээний үеэр олон улсын сонирхогчдын боксын холбооноос (AIBA) 2008 оны дэлхийн шилдэг боксчныг тодруулан зарлахад Э.Бадар-Ууган шалгарч, энэ эрхэм хүндэт алдрыг Монголын тамирчдаас анх удаа хүртсэн юм.