<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Парис,Берлин хотод шөнийн цэнгээний газар ажиллаж эхэлсэн
featured

Парис,Берлин хотод шөнийн цэнгээний газар ажиллаж эхэлсэн

  Дэлхий даяар 6 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, халдварын хүндрэлийн улмаас 382479 хүн нас баржээ.

Францын оршин суугчид мягмар гаргаас эхлэн зоогийн газар, шөнийн цэнгээний газруудаар явах боломжтой болжээ. Парис хотод зоогийн газрын эзэд ширээнүүдээ дор хаяж нэг метрийн зайтай байрлуулжээ. Дүүрэг бүрт хэр олон хүн коронавирусээр халдварласныг өнгөөр ялган харуулжээ. Тухайлбал, нөхцөл байдал хамгийн таатай байгаа нутаг дэвсгэрийг газрын зураг дээр ногоон өнгөөр ялган харуулсан бол хамгийн таагүй газруудыг улаанаар тэмдэглэжээ.

Ногооноор тэмдэглэгдсэн бүсүүдэд бассейн, спорт заал, театр, зугаа цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэнгүүд нээгдэж байгаа аж. Харин улбар шар тэмдэглэгээтэй дүүргүүдэд эдгээр газар 6 дугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Тэр өдөртөө мөн орон даяар бүх кинотеатр үйл ажиллагаагаа сэргээх юм байна.

Японы нийслэл Токио хотод нэг өдрийн дотор коронавирусний халдварын 30 тохиолдол шинээр илэрсэн нь сүүлийн долоо хоногуудад бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо буурч байсантай холбогдуулан Японы эрх баригчид онцгой байдлын дэглэмээ орон даяар цуцлаад байсан билээ. Гэсэн хэдий ч удалгүй тус улсын баруун өмнөд нутагт халдварын шинэ голомт үүсжээ. Хорио цээрийн дэглэмийг цуцалсан нь халдварын хоёр дахь давалгаа дэгдэхэд хүргэж болзошгүй байна гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна. Япон улсад “Covid-19”-н нийт 16835 тохиолдол илэрснээс 902 нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм.

Их Британийн Үндэсний статистикийн товчооноос сүүлд мэдээлснээр, тус улсад “Covid-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 50 мянгад дөхжээ.

Нас баралтын тоо буурсаар байгаа хэдий ч Их Британи, Шотланд, Уэльс, Умард Ирландын үзүүлэлтүүдийг тооцвол, цар тахал нийт 49368 хүний амийг авч оджээ. Энэ статистик мэдээлэлд эмнэлэгт нас барсан хүмүүсийн тооноос гадна гэртээ нас барсан тохиолдлуудын тоо багтжээ. Нас баралтын тоогоор Их Британи АНУ-ын араас, хоёрдугаарт жагсаж байна.

АНУ-д африк гаралтай америкийн иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амь үрэгдсэнтэй холбоотойгоор олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа нь коронавирусний халдварын голомтыг үүсгэж болзошгүй байна хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байна. Халдвар илэрсэн тоогоор АНУ нэгдүгээрт жагсаж байгаа билээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал АНУ-д байгааг цар тахал илт харуулжээ. Тухайлбал, цар тахлын улмаас дийлэнх африк гаралтай америкчууд ажлаа алджээ.

Энэтхэгт нэг өдрийн дотор коронавирусний халдварын хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Тус улсад 5394 хүний “Covid-19”-н шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэтхэг хөл хорих арга хэмжээг сулруулсантай холбоотойгоор халдварын тоо нэмэгдсэн байна.

Коронавирусний халдварын голомт болоод байсан Ухань хотын эрх баригчид хоёр долоо хоногийн хугацаанд 9.89 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулж чаджээ. Тус хотын оршин суугчдын тоо 11 сая орчимд хүрдэг байна. Оршин суугчдыг шинжилгээнд хамруулах үеэр шинж тэмдэггүй 300 орчим тохиолдол илэрчээ.

Ухань хотод коронавирусний халдвар дэгдсэн талаар хамгийн анх мэдэгдсэн эмч Ху Вейфэн халдвар авсны улмаас хоёрдугаар сард нас барсан юм.

Испанийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад хоёр дахь өдрөө дараалан “Covid-19”-н улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Харин Иран улсад коронавирус шинээр илэрсэн тохиолдлын тоо өссөөр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 3117 хүнээс коронавирусний халдвар илэрчээ.

АНЭУ-ын Дубай хотод лхагва гаргаас эхлэн худалдааны төвүүдийн үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр сэргээжээ. Түүнчлэн хөл хорих цагийг багасгасан байна.

Доха хотоос Афины чиглэлд ниссэн онгоцны 12 зорчигчоос коронавирусний халдвар илэрсний дараа Грек Катар улстай агаарын харилцаагаа 6 дугаар сарын 15 хүртэл түр зогсоожээ. Халдвар авсан хүмүүсийн 9 нь Пакистан, 2 нь Грек, 1 нь Японы иргэн байжээ. Харин нисэх онгоцонд 91 хүн сууж явсан байна.

Берлин хотод шөнийн цэнгээний газрууд нээгдээд байгаа бөгөөд оройн 18:00 цагаас 23:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.

Английн Премьер лигийн улирлын тоглолтууд ирэх 6 дугаар сарын 17-ноос эхлэхээс өмнө клубуудэд дүрэм журмыг дагаж мөрдөх нөхцөлтэйгээр нөхөрсөг тоглолт хийхийг зөвшөөрчээ.

“Формула-1”-н улирал Австрид 7 дугаар сарын 5-нд эхэлнэ.  Эхний хоёр уралдаан Австрид 7 дугаар сарын 5,12-нд болох бол гурав дахь уралдаан мөн сарын 19-нд Унгарт болно. Уралдаанууд үзэгчгүйгээр болно.

АНУ-ын Теннисний аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээнийг Охайо муж улсад болдог “Cincinnati Masters” тэмцээнтэй нэгтгэх боломжийг судалж байна. Энэ нь тоглогчдыг нэг газраа байлгах боломжийг олгоно гэж найдаж байгаа аж.