<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Дэлхий даяараа коронавирусийн дэгдэлтээс болж маш хүнд хэцүү үеийг туулж байна
featured

Дэлхий даяараа коронавирусийн дэгдэлтээс болж маш хүнд хэцүү үеийг туулж байна

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь толилуулж байна.


Эрхэм хүндэт ахан дүүс минь!

Дэлхийн өнцөг булан бүрд буй олон хүмүүсийн давтан хүсэлтийн хариуд би эдгээр үгсийг бичиж байна.

Өнөөдөр бид коронавирусний тахлын дэгдэлтээс болж маш хүнд хэцүү үеийг туулж байна. Үүнээс гадна хүн төрөлхтний өмнө байгаль цаг уурын эрс өөрчлөлт тэргүүтэй бусад олон асуудлууд тулгараад байгаа билээ. Энэ завшааныг ашиглан би дэлхийн улс орнуудын Засгийн газар, түүний дотор Энэтхэгийн Засгийн газарт эдгээр бэрхшээлийг даван туулах арга хэмжээ авч буйд нь бахдан биширч, талархаж байгаагаа илэрхийлье.

Дэлхий ертөнцийн үүсэл, оршин тогтнол, сүйрлийн талаар дүрслэн бичсэн Эртний Энэтхэгийн уламжлалт бичээс байдаг. Тэрхүү бичээст тайлбарласнаар зэвсэгт мөргөлдөөн, элдэв өвчин зэрэг нь ертөнцийн эвдрэл сүйрлийн зарим шалтгаан болно хэмээсэн нь өнөөгийн бидний үзэж туулж буйтай нийцэж байна. Хэдий тийм боловч, бидний өмнө тулгарч буй асар их бэрхшээлийг үл харгалзан амьд амьтад, түүний дотор хүн төрөлхтөн давж, тэсэж үлдэх гайхалтай чадвартайгаа харуулсан юм.

Нөхцөл байдал яаж хүндрэхээс үл хамааран бид тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахын тулд шийдэмгий, зоригтойгоор шинжлэх ухаан хийгээд хүний мэргэн ухааныг ашиглах ёстой.

Бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд аюул тулгараад байгаа учраас сэтгэлийн түгшүүр, айдас мэдрэх нь байгалийн жам юм. Гэсэн хэдий ч бидний өмнө тулгарч буй асуудлуудыг эргэцүүлж шинжлэхэд тустай дараах мэргэн зөвлөгөө байдаг учир би тайван байна.

"Хэрэв ямар нэгэн зүйл хийх боломжтой бол санаа зовох шаардлагагүй түүнийгээ хий, харин ямар ч арга зам үгүй бол сэтгэлээ дэмий зовоох нь огтхон ч тусгүй".

Яг одоо коронавирусний тархалтыг барьж тогтоохын тулд хүн бүр чадах бүхнээ хийж байна. Аюулыг хязгаарлахын төлөө улс орнуудын гаргаж буй хамтын хүчин чармайлтыг би сайшаан дэмжиж байна.

Ялангуяа Энэтхэг улсын Ковид-19-ийн тархалтыг таслан зогсоохын тулд мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох зорилгоор яаралтай тусламжийн сан, цахим платформ байгуулахаар SAARC-ийн бусад орнуудтай хамтран хэрэгжүүлсэн санаачилгыг өндрөөр үнэлж байна. Ирээдүйд ч ийм төрлийн хямралтай тэмцэхэд энэхүү арга хэмжээ үлгэр дуурайл болох юм.

Дэлхий даяар хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага бий болсноос үүдэн олон хүн амьжиргаагаа алдаж үлэмж их бэрхшээлтэй тулгарч байгааг би ойлгож байна. Тогтвортой орлогогүй хүмүүсийн хувьд амин зуулгынхаа төлөө өдөр бүр чадан ядан зүтгэхэд хүрдэг. Нийгмийн эмзэг бүлгийн гишүүдээ халамжлахын тулд боломжтой бүхнээ хийхийг би чин сэтгэлээсээ уриалж байна.

Хүмүүсийн амийг аврахын тулд өөрсдийгөө том эрсдэлд оруулан тэргүүн шугам дээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд - эмч, сувилагч болон бусад туслах ажилтнуудад би гүнээ талархал илэрхийлье. Тэдний аугаа үйл хэрэг нь энэрэл нигүүлслийн бодит жишээ юм.

Энэхүү хүнд хэцүү цаг үеийг туулж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа ахан дүүсийнхээ төлөө чин сэтгэлийн угаас санаа зовнин, энэ тахал өвчин эртхэн эцэслэж, амар амгалан, аз жаргал тань эргэн сэргэх болтугай хэмээн залбирч байна

 

Таг: