<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг Жефф Безос 3 дахь жилдээ тэргүүлж байна
featured

“Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг Жефф Безос 3 дахь жилдээ тэргүүлж байна

“Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос 3 дахь жилдээ дараалан тэргүүлж байна.

“Forbes” сэтгүүлээс 34 дахь жилдээ гаргаж буй энэхүү жагсаалтад Жефф Безосын хөрөнгө нэг жилийн дотор 18 тэрбум ам.доллароор буурч, 113 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс 98 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигджээ.

Францын “LVMH” компанийн Ерөнхий захирал Бернар Арно энэ жил нэг байраар ахиж,  жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. Түүний хөрөнгө 76 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Өмнө нь гуравдугаарт жагсаж байсан “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уоррен Баффетт дөрөвдүгээр байр руу доошилжээ. Түүний хөрөнгийн хэмжээ жилд 15 тэрбум ам.доллароор буурч, 67.5 тэрбум ам.долларт хүрчээ. 

Тэрбумтан Ларри Эллисоны хөрөнгө 59 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, жагсаалтыг тавдугаарт бичигдсэн байна. Тийнхүү дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад нийт 2095 хүн багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгийн үнэлгээ 8 их наяд ам.долларт хүрчээ. 2019 онд энэ жагсаалтад 2153 хүн багтаж байсан бөгөөд тэдний нийт хөрөнгө 8.7 их наяд ам.доллароор үнэлэгдэж байсан аж. 

“Forbes” сэтгүүлээс гаргасан энэ оны хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг Америкийн загвар өмсөгч, “Kylie Cosmetics” гоо сайхны компанийг үүсгэн байгуулагч Кайли Женнер тэргүүлжээ. Өдгөө 22 настай бизнес эрхлэгч бүсгүй Кайли Женнерийн хөрөнгө 1 тэрбум ам.доллароор үнэлэгдсэнээр 30-аас доош настай тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард К.Женнер “Kylie Cosmetics” компанийхаа 51 хувийг “Coty” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид 600 сая ам.доллароор худалдсан юм.

Эгч дүүс Александра, Катарина Андресен нар хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтад хоёр болон гуравдугаарт бичигджээ. Өдгөө 23 настай Александра, 24 настай Катарина Андресен нар эцгийнхээ байгуулсан Норвегийн “Ferd” хөрөнгө оруулалтын компанийн 42 хувийг эзэмшдэг байна.

Өнгөрсөн онд гаргасан жагсаалттай харьцуулахад Бразилын “Diagnosticos da America” эмнэлгийн компанийн гүйцэтгэх захирал Педру де Годой Буэно анх удаа эхний аравт багтжээ. Өдгөө 29 настай Педру де Годой Буэногийн хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Түүнчлэн Германы “Draexlmaier” автомашины эд анги нийлүүлэгч компанийн 29 настай эзэн Лиза Дрэксльмайер, "B. Braun" эмийн бүтээгдэхүүний компанийн хувийг эзэмшдэг, өдгөө 30 настай Теодор Браун нар жагсаалтын эхний аравт мөн анх удаа бичигдсэн байна.

 Энэхүү жагсаалтын хамгийн баян бизнес эрхлэгч нь “Stripe” төлбөрийн системийг бий болгосон, Ирландын иргэн Жон Коллисон байжээ. Түүний хөрөнгө 3.2 тэрбум ам.доллароор үнэлэгдужээ.