<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Эрдэнэт үйлдвэрийн шилдэг шинийг санаачлагч А.Батдорж болон түүний хамт олны ажил үйлсийн тухай өгүүлж байна
featured

Эрдэнэт үйлдвэрийн шилдэг шинийг санаачлагч А.Батдорж болон түүний хамт олны ажил үйлсийн тухай өгүүлж байна

 Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны шилдэг шинийг санаачлагч, Автотээврийн цехийн Эрчим зүйн албаны тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж, түүний хамт олны ажил үйлсийн тухай өгүүлэх нь.
1990 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг Уулын цахилгааны инженер мэргэжлээр төгссөн тэрбээр  яамны томилолт өвөртлөн Эрдэнэтийг зорьжээ. Завхан нутгийн хүү, сургаар мэдэх болсон энэ хотод хөл тавьсан тэр нэгэн өдрөөс хойш өдгөө 30 хаврыг үджээ. Засвар механикийн заводын Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгээс хөдөлмөрийн гараагаа мастераар эхэлж, 1995 он хүртэл ажилласан. 1995 оноос өнөөг хүртэл Авто тээврийн цехэд энэ л албанд  зүтгэсээр. Одоо тэр Эрчим зүйн 62 хүнтэй хүчирхэг албыг тэргүүлэн ажиллаж буй. Энэ алба Авто тээврийн байгууллагыг уур, ус, дулаан, цахилгаанаар найдвартай хангах үндсэн үүрэгтэй.
 
Тэдний харьяанд Шатахуун түгээх станц, Технологийн тээврийн, Төрөл бүрийн маркийн  автомашины, Тусгай зориулалтын автомашины засварын газруудын машин угаалга, гараажууд ч харьяалагдана. Машин угаах, шатахуун түгээх гээд л үйлдвэрийн хэмжээний  нэн чухал албыг тэд залгуулдаг. Эднийхэн 2019 онд ажил үйлс, ХАБЭА, бүтээмж инноваци, сахилга дэг журам гээд л бүхий л үзүүлэлтээрээ Авто тээврийн цехийн бүх хэсгээс тэргүүлсэн. А.Батдоржоор ахлуулсан энэ баг үндсэн үүргээ чанд биелүүлэхээр ажлаа хязгаарлахгүй.  “Ахлагч”-ийн толгойд  шинийг эрэлхийлэх, эрчим хүчний орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, зардал  хэмнэх бодол байнга эргэлдэнэ. Үйлдвэрийн ажлын байранд лед гэрэл суурилуулах төслийг эднийх анх хэрэгжүүлсэн гэдэг.
 
Цахилгаан эрчим хүч ихээхэн хэмнэсэн энэ туршлагыг Эрдэнэт үйлдвэр даяар нэвтрүүлсэн. Тэр, автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц байгуулах санаачилга гарган ашиглалтад оруулснаар суудлын 20 машины зөвхөн түлшний үнийн зөрүүгээс сард 5,1 сая төгрөг хэмнэжээ. Түүний санаачилсан “Автомат мэдрэгчтэй шүршүүр” төсөл үйлдвэрийн хэмжээнд шалгарч хэрэгжсэн. Түүнчлэн “Нарны толин гэрэлтүүлэг” зэрэг төсөл хэрэгжүүлснээр ус, цахилгаан эрчим хүчийг ихээхэн хэмнэжээ. Өнгөрсөн жил цехийн ажлын байрны дулааны системийн 30 хувийг нь шинэчилжээ. Тухайлбал, багахан гурван өрөө тус бүрийг 22 квт-ын хөдөлгүүртэй  вентилятороор халаадаг байсан бол 7,5 квт-ын орчин үеийн ганц вентилятороор  эдгээр өрөөг дулаанаар үлээх системд холбожээ. Энэ хэрээр зардал буурах юм. Мөн машиныг шлянкаар угаадгийг халж, тусгай зориулалтын компрессор ашигласнаар усны хэрэглээ үлэмж багасжээ. Эрчим хүч хэмнэж, эх дэлхийгээ аврах үйлсэд эдний хамт олон жинтэй хувь нэмэр оруулж буй нь тодорхой. А.Батдорж хамт олноо байн байн магтана. Манайхны ихэнх нь залуус.
 
Ажилдаа өөриймсөг ханддаг, санаачилгатай, хөдөлмөрч нь дэндсэн л гэнэ. “Үндсэн ажлынхаа зэрэгцээ төсөл санаачлах, түүнийг хэрэгжүүлэхэд бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцдог. Ажлын орчноо тохь тухтай, цэвэр цэмцгэр байлгах нь манайханд хэвшсэн ажил” гэв.  Бид БелАЗ-ын гарааж дахь Эрчмийнхний ажлын байрыг сонирхлоо. Энд угаас гарааж бус “Аптек” гэмээр цэвэрхэн, урлаг, спортын танхим мэт цэлгэр. Хэзээ ч ороод очиход бүртийх төдий ч тоос шороо, тос маслыг эндээс олж харахгүй. Эднийхний санаачилж, байгуулсан Ус хөргөх зориулалттай усан сан цэмцийнэ. Том ёмкост ашиглан хийсэн энэ сангийн эргэн тойрны бүх зүйл эмх цэгцтэй, цайвар цэнхэр өнгөөр будсан бетонон шал шил толь мэт. Түүн дээр усны дусал ч алга.  Танай үйлчлэгч их ажилсаг, нямбай хүн бололтой гэхэд: “Манайд орон тооны үйлчлэгч үгүй. Ажлаа хийчхээд ажлын байрыг цэгцэлж, цэвэрлэх нь манайхны сурсан зан” гэв.  Багаж олгодог, бас чөлөөт цагаа өнгөрөөх багахан өрөөгөөр орлоо. Тэнд байх бүхий л зүйлийг тэд өөрсдөө бүтээжээ. Диван, сандал, ширээ, бас багажийн шкафыг хаягдал поошик ашиглан хийсэн байна. Багажийн шкаф дотроо эргэдэг тавиур өлгүүртэй. Энд багаж бүр өөрийн байртай, эмх цэгцтэй.  Хэн, хэзээ, хэдэн ширхэг ямар түлхүүр авсныг тэмдэглэх дэвтэр ч үүн дотор байх. Энэ шкаф их эрэлттэй, үзэсгэлэн худалдааны үеэр үүнийг захиалж авдаг хэрэглэгч олон гэнэ.
 
 
 
 
Энэ гараажид цахилгаан хуваарилах дэд станц байрладаг. Түүнд төмөр сараалжин хашаа хийж, тэмдэг, тэмдэглэгээ, зураг плакат байрлуулсан нь аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн, өнгөлөг гоёмсог болжээ. Цехийн хэмжээнд   таван дэд станц байдаг бөгөөд бүгдийг нь ийм болгосон гэсэн. Ажлын байраа танилцуулж явахдаа А.Батдорж ажил хуваарилах өрөөг хамт олныхоо хандиваар тохижуулж байгаагаа ярьсан. Тансаг сайхан өрөөтэй болно оо, бид. Тохижуулж дуусахаар нь ирж үзээрэй. Ажилчид маань наръядаа аваад ажилд гарахдаа сэтгэл тэнүүн сайхан байх болно. Энэ ч ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө гэв.
 
 
Бүтээмжийн менежер Ж.ПҮРЭВСҮРЭН: “Манай тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж их санаачилгатай, бүтээлч хүн. Шинэ зүйл санаачлах үйлст хамт олноо үлгэрлэн дагуулж, залуусыг хөгжиж, шинээр сэтгэхэд сэдэлжүүлэн ажилладаг. Эдний ажлын байр үлгэр жишээ, санаачилсан бүхэн нь үр ашигтай байдаг. Ноднин хийн компрессорыг Ил уурхайтай ойролцоо суурилуулах санаачилга гаргаж хэрэгжүүлсэн нь зардал хэмнэсэн сайхан ажил болсон” гэсэн юм. Бид Ил уурхай дахь БелАЗ-ын зогсоол дээр байрлах компрессорыг үзлээ. БелАЗ-ын гарааж дээр өндөр хүчин чадалтай хийн компрессор суурилуулж, хуучныг нь энд байрлуулжээ. Ингэснээр БелАЗ-ын дугуй хийлэх зайг ойртуулж, хэмнэлт гаргах үндэс болсон байна.  БелАЗ-ын нэг дугуй дунджаар 64,9сая төгрөг байдаг. Түүний зургаан дугуйг жигд хийтэй ажиллуулснаар даац хэвийн, эд ангид эвдрэл бага байж, ажлын бүтээмж дээшилж, эдийн засагт хэмнэлт гардаг аж. Компрессорыг Ил уурхайд ойртуулснаар дугуйн хийг нэмэх, шалгах тоо жилийн хугацаанд 120-оор нэмэгджээ. Энэ нь жолооч нар дугуйндаа хяналт сайн тавьж байгааг харуулж буй аж. Дугуй хийлэхээр БелАЗ-ын гарааж руу очиход 4, км, харин эндээс 2 км.  Хүдэр тээвэрлэдэг 30 БелАЗ жилийн турш 8269 км сул явалт хэмнэсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 102, сая төгрөгийн дизель түлш, тос тосолгооны материал, авто дугуйн элэгдлийн зардлын бодит хэмнэлт гарчээ. Энэ төсөл зардлаа хасаад 95,2сая төгрөгийн үр ашигтай болсон гэж эдийн засагчид тооцжээ. А.Батдорж энэ төслөө улам сайжруулан төгс болгох зорилттой байгаагаа ярьсан. Эдний албаныхан Ил уурхай дээр зөөврийн ШТС барьсан бөгөөд үүнийхээ дэргэд компрессор байрлуулах гэнэ. Ингэснээр жолооч шатахуунаа авах хооронд дугуйн хийгээ шалгах, нэмэх боломж бүрдсэнээр илүү ихийг хэмнэнэ гэж үзжээ.
 
Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж буй энэ үед та бүхэн ямар хэмнэлт гаргах вэ? гэсэн асуултад тэр: “Гадна температур дулаарч буйг ашиглан хүн ажилладаггүй хэсэг, тухайлбал, гараажуудынхаа дулааныг 4-р сарын нэгнээс хэсэгчлэн хааж эхэллээ. Ингэснээр дулааны зардлыг 30 орчим хувиар хэмнэх тооцоо гарч байгаа” гэв.
Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагч А.Батдорж эрчим хүчний хэрэглээнд байнга хяналт тавьж, дүгнэлт хийж,  уур, ус, цахилгаан, дулааныг үр өгөөжтэй ашиглаж, хэмнэх боломжийг эрэлхийлэн, ажлын байрыг тав тухтай байлгахын  төлөө  оюунаа чилээж  явна.
 
 
 
Я.Энхтуяа,Б.Баттөгс