<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд байна
featured

Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.30/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


 ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Халдвар авч, эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Энэ бол сайн мэдээ. Эдгээр хоёр иргэнээс сүүлийн гурван хоног таван зүйлийн сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдгүүд бүрэн арилсан учраас бид хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд гаргах гэж байна. Гэхдээ энэхүү хоёр хүн маань 14 хоног өөрсдийгөө гэртээ хянах ёстой. 

2020 оны гуравдугаар сарын 29-нд шинэ коронавирусний халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа буюу ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт тав, нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. 

2020 оны гуравдугаар сарын 29-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад байна" гэв. 

 Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдөр 2368 хүн тусгаарлагдан ажиглах байранд байна.  Тус байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны хүүхэд 56 тусгаарлагдаж байна.

ЭМЯ-ны харьяа эмнэлэг, байгууллагын 100, 103, 8008-6829, 11323002, 119 утсаар 24 цагийн турш мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Зөвхөн 119 утсанд 24 цагийн дотор 180 дуудлага ирснээс тоглож залгасан 18, дуудаад тасалсан 38 дуудлага ирсэн байна.

Иргэд утсаар тоглож бидний ажилд садаа болж болохгүй. Гадаадад байгаа иргэд гол төлөв утсаар залгаж мэдээлэл авч байна. Мөн гадаад улс орнуудад эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаа тул толгой өвдөх, халуурвал яах вэ, хоолой хэрхэн зайлах, тусгай үүргийн онгоц хэзээ ирэх вэ?  гэх мэтээр асуулт тавьж байгаа тул шаардлагатай тусламж хүссэн иргэдэд саад болохгүй байхыг иргэддээ анхааруулъя гэлээ.