<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Нуугдах зоорьтой,тохилог саунтай мөрийтэй тоглоомын газрыг илрүүлжээ
featured

Нуугдах зоорьтой,тохилог саунтай мөрийтэй тоглоомын газрыг илрүүлжээ

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийнхэн өнгөрсөн баасан гарагт хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтаар  нууцаар мөрийтэй тоглоомын газар байгуулан ажиллуулж байсныг илрүүлсэн байна. Тэнд тоглож байсан 7 хүнийг саатуулан шалгаж эхэлжээ.

Тус дүүргийн I хорооны нутагт байрлах “Жүр үр” компанийн төв байрны залгаа, найман айлын орон сууцанд 5-6 тасалгаатай байрыг тоглох зориулалтаар тохижуулсан байжээ. Тэнд амрах буйдан, ширээ засаж  мөрийтэй тоглогчдыг татах, тав тухыг нь хангах бүх нөхцөлийг бүрдүүлсэн аж. Хасаа, хөзөр зэргийг олноор нь тавьж, ус, ундааны хөргүүр, цайлах ширээ, чихэр, амттан, кофе гээд тэнд дутуу юм алга. Угаалгын өрөөнд нь тохилог саун ч байна. Цонхнуудын хөшиг хаалттай тул мөрийтэй тоглоомчид өдөр, шөнийг анзаарах сөхөөгүй тоглодог.

Цагдаагийнхан шалны хивсний доор нь зоорийн хаалга байсныг илрүүлжээ. Уг зоорийг  нуугдах зорилгоор хийж тохижуулсан нь илт. Түүгээр ч барахгүй зугтах боломжтой цонхтой аж. Хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тоглогчдоос мэдүүлэг, байцаалт авч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна. Мөрийтэй тоглох, зохион байгуулахад өмнө нь Зөрчлийн тухай хуулиар торгодог байсан. Харин УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглосон болон зохион байгуулсан иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон билээ. Нарийвчилсан шалгалт үргэлжилж буй.