<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНААР 1.3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ХИЙВ
featured

ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНААР 1.3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ХИЙВ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо энэ сарын 17-19-нд болсон БНХАУ, Монгол, ОХУ-ын Эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалтаар Монгол Улсаас 130, БНХАУ-аас 800, ОХУ-аас  38 компани оролцож, 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 10 дахь удаагаа болж буй арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид, МҮХАҮТ-ын гишүүн 130 компанийн төлөөлөл оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчилжээ. Хөрш 3 орны бизнес эрхлэгчдийн форумд Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятад, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ ирүүлснийг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Гөү Пинванд гардуулсан юм. Чуулга уулзалтын хүрээнд “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн IV зөвлөлдөх уулзалт болон дугуй ширээний уулзалт ”Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” зэрэг 4 арга хэмжээ боллоо. Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудлаар тусгайлсан дугуй ширээний ярилцлагын үеэр Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд хоёр орны хилийн дагуу хамтарсан бүс байгуулах талаарх Монголын талын байр суурь, хийж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Энэ үеэр Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх тухай баримт бичигт тус хотын орлогч дарга Гөү Пинван, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан нар гарын үсэг зурав. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Бүх Хятадын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ли Пинчитэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.