<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Намуудын амлаж буй ард түмнийхээ амьдралыг сайжруулна,цалинг нэмнэ,орон сууцтай болгоно хэмээх заалт олны сэтгэлд нийцнэ гэх бор шувуу нисэлдэж эхэллээ
featured

Намуудын амлаж буй ард түмнийхээ амьдралыг сайжруулна,цалинг нэмнэ,орон сууцтай болгоно хэмээх заалт олны сэтгэлд нийцнэ гэх бор шувуу нисэлдэж эхэллээ

 Улстөрийн намууд УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний Аудитын Газарт хянуулахаар хүлээлгэн өгч байна. 

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт цалингийн доод хэмжээг 3 сая болгоно гэсэн нь олны анхаарал татлаа. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга, АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийн ахлагч З.Нарантуяа хэлэхдээ: "Манай Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр "Монгол өрх хөгжлийн бодлого" нэртэй байгаа. Энэ хөтөлбөрийн гол чиглэл бол Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргах, өсөлтийг бий болгох явдал юм. Бид ялалт байгуулбал баялаг бүтээгчид, Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. 

Үүгээр зогсохгүй, иргэдийн нэг сарын цалингийн доод хэмжээг гурван саяд хүргэнэ. Манай нам иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Харин өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ" гэлээ.

 

 МАХН болон ИЗНН, МУНН хамтран ажиллаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэгдэн оролцох болсон талаараа мэдээлсэн. Тэгвэл тус эвслээс Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө албан ёсоор гардуулан өглөө.

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга ярихдаа “Хуулийн дагуу намынхаа мөрийн хөтөлбөрийг гардуулахаар хүрэлцэн ирээд байна. МАХН, ИЗНН, МУНН хамтран “Та бидний эвсэл” нэртэйгээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн" гэв. 

Түүний ярьж буйгаар, "Бид сонгууль зарлагдахаас ч өмнө бүтэн гурван жил мөрийн хөтөлбөрөө боловсруулж, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж явсан.  Товчхондоо, Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Ийм гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна. Харин төрийн хувьд авлигаас ангид байж, шударгаар ард түмэндээ үйлчилж чаддаг байх ёстой. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой зорилтууд байгаа” аж.

 

МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүллээ. Тус нам энэ сарын 23-нд бага хурлаа цахимаар зохион байгуулж мөрийн хөтөлбөрөө баталсан байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа  Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэсэн бөгөөд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтыг онцлон тусгажээ. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээр тусгасан байна.

 Мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад иргэд, МАН-ын  гишүүд, эрдэмтэн судлаачдаас 15 мянга орчим санал, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс найман мянга гаруй, УИХ, Засгийн газрын гишүүдээс 501, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, аймаг нийслэл, дүүргийн намын хороодоос 3500, намын дэргэдэх ТББ-уудаас 26300, нийтдээ 303,000 санал ирүүлжээ. Намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын баг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 20 гаруй хэлэлцүүлэг хийжээ.

Намуудын мөрийн хөтөлбөрт ард түмнийхээ амьдралыг сайжруулна,цалинг нэмнэ,орон сууцтай болгоно гэсэн заалт олны сэтгэлд нийцэх болно гэсэн бор шувуу нисэлдэж эхэллээ.