<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Тэтгэврийн зээл дараа сарын тэтгэвэр буухаас өмнө шийдэгдэх байх
featured

Тэтгэврийн зээл дараа сарын тэтгэвэр буухаас өмнө шийдэгдэх байх

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар "IKON.mn"-д тодруулга өгчээ.

-Зургаа хүртэл сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн. Үүний дараа тэтгэврийн зээлийг зургаа хүртэл сараар олгох асуудлын шийднэ гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? 

-Тэтгэврийн зээл тэглэх үйл ажиллагаа үндсэндээ эхэлчихсэн байгаа. Даваа гарагаас буюу өнөөдрөөс арилжааны банкуудтай уулзаж зургаа хүртэл сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгох асуудлаар ярилцана. 

Тэтгэврийн зээл бол цэвэр арилжааны банкны бүтээгдэхүүн. Тиймээс арилжааны банкуудын саналыг сонсоно. Банкуудын арилжааны бүтээгдэхүүн гаргадаг журмаар явах нь зүйтэй болов уу. 

Бид өмнө нь Нийгмийн даатгалын сангаас хөрөнгө байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч байсан. Одоо тийм хөрөнгийн боломж хэр байна вэ гэдгийг судалж байна. 

-Цагаан сараас өмнө ахмадууд тэтгэврийн зээл авах боломж нь бүрдэх үү. Зээлийн хүү хэд байхаар яригдаж байгаа вэ? 

-Зээлийн хүүг урьдчилж хэлэх боломжгүй. Арилжааны банк өөрөө тогтоох асуудалд Засгийн газар оролцохгүй. Хугацааны тухайд дараа сарын тэтгэвэр буухаас өмнө энэ асуудал шийдэгдэх байх. 

-Тэтгэврийн зээл тэглэх санхүүжилтийг бонд гаргаж шийднэ. Уг бондыг “Эрдэнэс Монгол” компани гаргана гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бонд гаргах материалаа бүрдүүлээд Хөгжлийн банканд өгчихсөн байгаа. Бонд гаргахад  Хөгжлийн банк баталгаа гаргана. Тус банкны ТУЗ-ийн шийдвэр гарсны дараа тэтгэврийн зээл олгож байсан арилжааны банкуудтай “Эрдэнэс Монгол” компани гэрээ байгуулах замаар бонд арилжаалах үйл ажиллагаа явагдана. 

-Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгох асуудлын талаар?

-Тэтгэврийн зээлгүй байсан иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгоё гэж байгаа юм. Журам нь өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Удахгүй албажиж гарах байх. 

Энэ оны дөрөвдүгээр сараас үнэт цаасаа иргэдийн гарт олгогдоно. Яг мөнгөжүүлэх хугацаа нь 2021 оны тавдугаар сард гэж хуулинд заасан байгаа. Энэ дагуу хэрэгжинэ.