<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулав
featured

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулав

 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр гардуулав. Долоон сарын турш салбар бүрийн 1500 эрдэмтэн, судлаачид хамтран есөн тулгуур, 50 зорилт бүхий бодлогын бичиг баримтыг боловсруулжээ. Энэ хөтөлбөр өмнөх 517 бодлогын баримт бичгийг нэгдэл хэмээн ойлгож болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Тэрбээр, "Өнгөрсөн 30 жилд төр тогтворгүй байснаас үүдэн хүний хөгжил болон амьжиргааг дээшлүүлэхэд алдаа гаргасан. Тиймээс энэ хөтөлбөрт Амьдралын чанар ба дундаж давхарга гэсэн том хэсэг орсон. Түүнчлэн говийн бүсийг уул уурхайн бүс, Дархан, Орхон, Сэлэнгийг хөдөө аж ахуйн бүс болгох зэргээр Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг тусгасан" гэв.

Хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд орон сууцны бодлогын өөрчлөлт хийх, хуримтлалын бодлого болон даатгалын тогтолцоог боловсронгуй, хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэг, улсын эмнэлгүүдийн шинэчлэл, их дээд сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм. Түүнчлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр зэрэг хөгжлийн тэргүүлэх зургаан салбарыг тодорхойлж, хөгжүүлнэ гэдгийг мөн онцолсон юм.

Монгол Улсын хүн амын тоо 2050 он гэхэд 5.5 сая байх тооцоотой байгаа бөгөөд бодлогоор дэмжиж чадвал 6 сая хүрэх боломжтой хэмээн үзсэн байна. Улаанбаатар хот 2050 он гэхэд 3.2 сая хүн төвлөрөхөөр байгаа учраас Улаанбаатар хот ба дагуул хотыг байгуулахад анхаарч байгаа аж. Түүнчлэн Үндэсний нэгдмэл үнэт зүйл, аюулгүй нийгэм, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал заалтууд орсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

"Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг УИХ-д өргөн барьсны дараа цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй танилцуулах аж.