<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Нийтээрээ тэмцэхгүй бол угаар, утаанаасаа салахгүй
featured

Нийтээрээ тэмцэхгүй бол угаар, утаанаасаа салахгүй

Ч.Үл-Олдох

Шахмал түлш хэрэглэснээр нийслэлчүүд “Утаа баяртай” хэмээн  урамтай байгаа. Хот утаагүй болчихоор автомашинаас ялгарч буй  хий  ямар хортой болох нь мэдрэгдэж байв. Өмнө нь нүүрсний утаатай холилдоод огт мэдэгддэггүй байж. Хорт нэгдлүүдээр амьсгалж буй учраас амьсгалын замын өвчлөл газар авч,   ургийн гажиг хэмээх аюул  ужиг болсныг эмч мэргэжилтнүүд хэлсээр, анхааруулсаар ирсэн. Энэ бүхнээс салах нь гэж байтал  саяхнаас утаа үзэгдэх боллоо. Хотод түүхий нүүрс оруулаад иржээ. Зарим газар түлээд эхэлсэн нь энэ. Бас дээр нь цахилгаан станцууд нүүрс түлж байгаа. Иймд  Улаанбаатарын зарим хэсэг утаатай болчихлоо.

Ер нь, нийтээрээ л тэмцэхгүй бол   утаанаас салахгүй. Нэг айл нь шахмал түлш хэрэглэж байхад нөгөө нь хулгайгаар  түүхий нүүрс авчирч түлээд байвал яаж утаагүй байх билээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь агаарын бохирдлыг бууруулахын төлөө байхад туслах, зөвлөхүүд нь ар хударгаар нь  улс төр нь хийж байхад утааг яаж бууруулах билээ. Дээр нь манай шатахуун импортлогчид  чанаргүй дизель түлш, шатахуун оруулж ирж шахдагаас автомашинууд хүхэрлэг хий  ялгаруулдаг гэсэн шинжилгээний дүн гарсан. Тээврийн цагдаагийнхан хяналт тавьж, судалгаа хийж байгаа ч одоогоор эхлэл төдий байх шиг. Энэ мэтээр утааны тухай хэрүүл энэ өвөл тасрахгүй нь.

Бас нэг асуудал тулгамдаж буй нь   шахмал түлшний нийлүүлэлт, хүрэлцээ муу  байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарч байна. Энэ ортой үг. Үнэн ч байх талтай. Тухайлбал “Утааны эсрэг ээж, аавууд” цахим группийн гишүүд   “Шахмал түлшний  үйлдвэрт ажилладаг хүнтэй таарч яриа өрнүүллээ. Анхнаасаа туршилтын үйлдвэр бариад их утаатай 2-3 дүүргийг хангах хүчин чадалтайгаар байгуулаад үр дүнтэй байсан тул шууд УБ хотыг тэр чигээр нь хангах үүргийг дээрээс өгсөн гэсэн. Тэгээд нэмэлт үйлдвэр бариад, ажилчид нь гурван  ээлжээр ажиллаад ч бүх дүүргээ хангаж чадахгүй, хүчин чадал хүрэхгүй байгаа гэсэн. Сарын 1.5 саяын ажилд хүн олдохгүй, 200 цэрэг авч ирж ажиллуулж байгаа гэж ярьж байна  лээ. Хэрэв  тэр үйлдвэр өргөтгөлөө бариад ажиллах хүчин хангалттай болчихвол утаанаас ангижрах боломжтой гэсэн. Мөн үйлдвэрүүд түүхий нүүрсээ түлсээр байгаа болохоор  утаа бас буурахгүй байна гэж байсан шүү” хэмээн үзэл бодлоо илэрхийлж, санал солилцож эхэлжээ.

 Утааг бууруулъя гэж бүгд хашгирдаг атал, ажлын байр олдохгүй байна гээд Солонгос, Япон руу мөртлөө   сарын 1.5 сая төгрөгийн цалинтай шахмал түлшний үйлдвэрт  ажиллах хүн олдохгүй байна гэдэг харамсалтай. Түүний зэрэгцээ төр, засгаас  утааг буурлаах үүрэг даалгавар өгч ажлаар дарж дарамталчихаад  шахмал түлшний үйлдвэрүүдээ харж хандахгүй, дэмжихгүй байдаг юм биш биз гэсэн хардлага ч бас байна. 

Дахиад хэлэхэд бид нийтээрээ тэмцэж байж л утаанаас сална. Нэг хүн  амиа хичээвэл нийт дахиад  хохирно.  Бид гэдэг бүхэллэг ертөнц бөгөөд ийм   урвуу хамааралтайг ойлгохгүй бол улс орон яаж  урагшлах билээ.

Ер нь, нийслэлчүүд утаанаас салъя гэж 20 гаруй жил  мөрөөдсөн. Мөрөөдөл дээр нь дөрөөлж мөнгө хүүлэгчид л төрд гарч засаг сандайлж ирсэн. Агаарын бохирдлыг буруулна гэж төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь цацдаг. Гадны зээл, буцалтгүй тусламжууд ч тийшээ урссан. Зуух  яндан, дулаалгын материал тараасан. Адаг сүүлд нь Н.Алтанхуягийн Засгийн газар  “Цэвэр агаар сан” байгуулж Багануурын нүүрсийг гэр хорооллынхонд хямд үнээр тараагаад тусыг олоогүй. Энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газар эрсдэлтэй ч гэлээ эр зориг гаргаж утаанаас салах  алхам хийсэн. Тэр нь шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн үйл явц юм. Гэвч нийтээрээ тэмцэж байж утаанаас сална гэдгийг   нийгмийн маань  зарим хэсэг  одоо хүртэл ойлгоогүй байна уу даа. Гэрт нь орж пийшинг нь засч, янданг нь хөөлж өгөх хүртэл төрийн байгууллагууд ажил санаачиллаа. Тархийг нь “хөөлж”, соён гэгээрүүлэхэд мэргэжлийн сэтгүүлзүй үүргээ гүйцэтгэсэн. Нийтээрээ тэмцэж байж утаанаас сална. Утааг ялах уу, үр  удмаараа хордоод суух уу. Сонголт таны, миний, бидний гарт байна. Улаанбаатарчууд аа, сэрээч ээ.