<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Хүн худалдаалах гэмт хэргийн “ангууч” Ганбаясгах
featured

Хүн худалдаалах гэмт хэргийн “ангууч” Ганбаясгах

(Хөрөг найруулал)

Гэлэгийн Ганбаясгах гэх энэ эгэл мөртлөө энгүй эрхэм бүсгүйтэй уулзах завшаан “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байхад минь тохиож билээ. 2011 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хатагтай Мадлен Олбрайт манай улсад айлчлахдаа “Боолчлолыг төгсгөл болгоход гавьяа байгуулсан 2010 оны баатар” хэмээх эрхэм хүндтэй хэргэмийг Г.Ганбаясгахад гардуулсны дараа түүнтэй уулзаж ярилцсанаа санаж байна. Монгол Улсын хүний эрхийн төлөө тэмцэгчдээс ийм чухал, ардчиллын орон Америкаас үнэлсэн шагнал хүртсэн хүн түүнээс өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм.

Энэхүү хөрөг найрууллын баатар Г.Ганбаясгахын хүний эрхийн төлөөх тэмцэлд оюун ухаанаа зориулж, бие сэтгэлээ чилээсэн түүх маш энгийн. Тэрбээр уг нь оёдлын технологич, хувцасны дизайнер мэргэжлээр техникум төгссөн охин байж. Төгсөнгүүт ангийнхаа охидыг “уруу татаж” Багануурт байгуулагдах оёдлын үйлдвэрт 20-уулаа илгээлтээр очиж байсныг бодвол бас ч нийгмийн идэвхтэй нэгэн байж гэж бодогдох. Үйлдвэр ашиглалтад орсны дараа цехийн дарга хүртэл дэвшин ажиллаж байснаа анхны охиноо төрүүлж, гэрийн бас гэргийн ажилтай байхдаа эцэг, эхийн хайранд мансуурч “Надад мөнгө хэрэггүй” гэж томорч явсан үе ч бий гэнэ.

Дараа нь хоёр дахь охиноо төрүүлчихээд гэртээ байх цагт түүний аав Гэлэг багш “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдэг байгууллага бий болж гэнэ. Миний охин тэнд ажилла” гэж зөвлөсний дагуу очсон ч ажлын туршлага амны фигур нь үнэндээ дутаж байсныг тэр нуусангүй. Тиймээс МУИС-д элсэн суралцаж, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн төдийгүй “Хүн худалдах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх нийгмийн туслалцаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнээс гадна анх “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д сайн дурын ажил хийхээр сонирхож, хохирогчдыг хамгаалах байранд байгаа эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөхөөр очиход өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй өөрөөс нь эгчмэд бүсгүйчүүд цөөнгүй байсанд үнэндээ гайхахын зэрэгцээ харамсаж байснаа тэрбээр өгүүлж байсан. Тийм ч учраас ганц хоёр хоног гэр орондоо байлгаж, хувцас хунараар туслах нь мэргэжлийн бус үйл ажиллагаа, буяны ажил мэт байсныг тэр ухаарчээ. Ийм ухаарлыг олоход нь Хөвсгөл аймагт болсон нэгэн эмгэнэлт явдал түүнд илүү их ойлгуулсан ч насан туршид нь мартагдахгүй бараан түүх болж үлджээ. Гэр бүлийн дарамтаас шалтгаалан нөхрөөсөө зугтаж ирсэн тус аймгийн харъяат, Орос хэлний багш эмэгтэй гурван жил шахам хугацаанд хүйсийн тэгш эрхийн төвийн байранд байх хугацаандаа тэдний гэр орноор орж, гарч ойр дотно байсан ч нөхөр нь аваад явсанаас хойш гурван сарын дараа нас барсан тухай эмгэнэлт мэдээ ирж, оршуулганд нь оролцохыг ар гэрийнхэн нь хүссэн гэнэ. Тэрбээр Хөвсгөл аймагт очсоны дараа хамгийн харуусалтай зүйлийг олж мэдсэн нь дээрх бүсгүй өлбөрч үхсэн явдал байжээ. Түүнийг амьтан хүний хөлөөс хол газар нутаглаж асан эр нөхөр нь гурван сар хоол ундгүй байлгаж, өлсгөж алсан нь зодож нүдсэнээс дор тамлал байсныг тэрбээр одоо хэр мартаж чаддаггүйгээ нулимс дуслуулан ярьж байж билээ.

Манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 1997 онд баталсан ч үүнд хохирогчийг хамгаалах, гэмт этгээдийг шийтгэх тодорхой санкцгүй байгаа нь харамсалтай. Энэ талаар тодорхой ял шийтгэл оноохоор заасан хуулийн төслийг өргөн барьсан ч эргүүлэн татсанд харамсаж явдгаа Г.Ганбаясгах тэргүүн хэлж байсан. Үүнийг түүний туйлын хүсэл гэж хэлэх хэцүү ч олон нийт санал нэгддэгийг сүүлийн үед болж буй хэрэг явдлууд харуулж байгаа билээ.

Түүний удирддаг ТББ-ын гол үндсэн чиг үүрэг, зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх явдал гэдгийг хүмүүс ойлгодог, мэддэг болж байна. Анх 2003 онд Солонгос улсаас хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон нэгэн бүсгүй хандсанаар Хүйсийн тэгш эрхийн төв ажиллаж, уг эмэгтэйг эх орондоо авчирсан ч цагдаагийн байгууллага мөрдөн шалгасны эцэст “худалдсан нь тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт гаргасны дээр хууль бусаар хуурамч паспорт ашигласан хэргээр бүсгүйд гурван сараар хорих ялыг шүүхээс оноосон нь Г.Ганбаясгах төдийгүй ТББ-ын хамтран зүтгэгчдэд нь томоохон сургамж болсон гэдэг. Тийм ч учраас 2005 онд олон улсын цагдаагийн Интерпол байгууллага, Монгол Улсын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар болон МУИС-ийн судлаачдын багтай хамтран Хятад, Солонгос, Макао, Хонконг улсад бүтэн сарын турш судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд хүний наймаа, гадаад улс оронд санаатай болон санамсаргүй байдлаар биеэ үнэлэх явдал цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд хэрээс аль эрт хэтэрснийг олж тогтоосон байна. Үүнийг холбогдох байгууллага, төр засгийн шийдвэр гаргах түвшинд танилцуулсан боловч өөрсдийгөө “Энхийн цагаан тагтаа” мэтээр бодож сэтгэж явсаар 2013 онд л Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг баталсан байдаг. Энэ хугацаанд хэдэн арван хүүхэд, бүсгүйчүүд ийм төрлийн гэмт хэргийн золиос болсныг тооцохын аргагүй. “Манай улсад яг энэ төрлийн гэмт хэрэгт тухайлан ач холбогдол өгөхгүй, бүх зүйлийг ганц нэгхэн мэргэжилтэн төдий хүнд хариуцуулсан болоод урсгалаар нь явуулсаар байгаа нь даанч харамсалтай” гэж тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах харуусан халаглаж байсан. Гэвч тэд зүгээр суусангүй. Энэхүү ТББ-ыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа хүний эрхийг хангах, хүний наймаатай тэмцэхэд чиглүүлснээс хойш 3000 орчим хүнийг хилийн чанадаас эх оронд нь авчирсны 700 нь хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүд голдуу иргэн байжээ. Тэднийг дэлхийн найман орноос эх нутагт нь буцааж авчирсны дотор 8-49 насны иргэд байсныг Хүйсийн тэгш эрхийн төвөөс мэдээлж байсан билээ. Энэ буянтай боловч амаргүй ажлыг тус ТББ-ын арваадхан бүсгүйн хүчээр хийх ажил биш нь тодорхой. “Манай ажилд цагдаа, хууль хүчний байгууллага, ГХЯ-ны тусламж дэмжлэг асар их байгааг хэлэх ёстой” гэж Г.Ганбаясгах тэргүүн онцолж байж билээ. Гэвч түүний тэргүүлэн ажиллаж буй “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын санаачлан хийж, гүйцэтгэж байгаа бүхнийг энд дурдахгүй байхын аргагүй. “Манай улсад цаасан дээр буулгаж баталсан хууль аль ч салбарт цөөдөж багадаагүй. Харамсалтай нь түүнийг хэрэгжүүлэх механизм, бүтэц зохион байгуулалт, хамгийн гол нь улс төрчдийн хүсэл сонирхол, эр зориг дутагдаад байна” гэж тэрбээр санаашран өгүүлсэн. Гэлээ ч хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг тэдний үйл ажиллагаа, санал санаачилга багадаагүй. Тийм ч учраас АНУ-ын Төрийн департамент түүнийг “Оны баатар”-аар тодруулсан нь тодорхой. Далайд дусал нэмэр гэдэгсэн билээ. “Ийм л хүн юм хурна даа” гэсэн буриад өвгөн Базрын үнэлгээ чухамдаа Г.Ганбаясгахад илүү зохих биз ээ. 

“Монголын үнэн” сонины сэтгүүлч Д.Мөнхжаргал