<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Албан тушаалтнуудыг зөвхөн хөрөнгө орлого биш хэрэглээ,зарлагаа мэдүүлэхийг шаардана
featured

Албан тушаалтнуудыг зөвхөн хөрөнгө орлого биш хэрэглээ,зарлагаа мэдүүлэхийг шаардана

 Авлигатай тэмцэх газар “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, ХОМ-ийн маягтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг  “Блю скай” төвийн хурлын танхимд зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг хэрхэн нэмэгдүүлэх, дан ганц орлого, хөрөнгийг бүртгэхээс гадна зарлагын асуудлыг хэрхэн тусгах, олон улсад төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогыг хэрхэн бүртгэж, хянадаг, манай улсад ХОМ-ийг хянан шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, албан тушаалтны хөрөнгө, орлогод тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, мэдүүлгийн маягтыг улам боловсронгуй болгохоор саналаа гаргаж нэгтгэнэ.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд нь тухайн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон эсэх, хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан үзэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн орлогын эх үүсвэрийг нягтлах замаар нуугдмал эд хөрөнгө, хууль бус орлогыг илрүүлэхэд анхааран ажиллаж байгаа боловч хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарим томоохон хүндрэл, бэрхшээл учирсаар байна.

Тухайлбал, ХОМ-ийн хяналт шалгалтын хүрээнд албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүдийн банкны данс, гүйлгээтэй холбоотой мэдээллийг гаргуулан авах боломжийг хуульчлан тогтоогоогүй нь албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих зөрчил, нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажиллагаанд томоохон бэрхшээл учруулж байгаа ба тухайн албан тушаалтны өөрийн гаргаж өгч буй мэдээллээр хязгаарлагдах, хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай нотолгоог бүрэн цуглуулах, хугацаа алдах зэргээр хяналт шалгалтын үйл ажиллагаанд  хүндрэл учирч байна.

Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлдэг байсан бол мэдүүлгийн цахим системийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор 2018 онд нийт 35700, 2019 онд нийт 36800 орчим мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан. Мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж иргэдийн хяналтад ийнхүү өгч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа юм. Нөгөө талаас ХОМ гаргах нь нийтийн албан тушаалтны шударга ажиллаж байгаа гэдгээ олон нийтэд нээлттэй харуулах баталгаа нь болдог билээ.

Таг: