<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Ж.Батзандан: Албадан буцаасан хятадуудын хэргийг нуугаад байж таарахгүй тул би илчилж байна
featured

Ж.Батзандан: Албадан буцаасан хятадуудын хэргийг нуугаад байж таарахгүй тул би илчилж байна

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр мэдээлэл хийж,цахим гэмт хэрэгт холбогдон улмаар албадан нутаг буцаасан хятад иргэдийн талаар үнэнийг дэлгэв.

Түүний ярьснаар,Монгол Улсын Засгийн газрын хоёр сайдтай Хуан гэдэг БНХАУ-ын иргэн 2019 оны аравдугаар сарын  12-15-ны хооронд уулзжээ. Улмаар тэр Хуан гэх хятад хүн 800 хятадыг оруулж ирсэн байна. Ингэхийн тулд Цагааннуур, Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч нарын хүмүүстэй уулзаж, Монгол Улсад цахим казино явуулах талаар ярилцаж, манай дарга нар зөвшөөрсөн байгаа юм. Монголд орж ирсэн хятадууд нь Камбожоос хөөгдсөн хүмүүс юм байна. Энэ хэрэгтэй холбогдсон Уулаа, Баяраа гэх хоёр хүн хоригдож байна. Харин Монголд болсон баривчилгааны өмнөх долоо хоногт Хуан гэх хятад нь хилээр гарч зугтжээ. Уг хэрэгт холбоотой өөр хоёр хятад нь зугтаж яваад Замын-Үүд дээр баригдсан байна.

Түүнчлэн "Энэ асуудлыг тагнуул, цагдаагийнхан анхнаасаа мэдэж байж. Мөн ГХЯ ч мэдэж байсан байна. Тэднийг нийт 53 халхавч компани байгуулж, жуулчны визээр оруулж иржээ. Одоо 14 хүн нь 461 дүгээр ангид хоригдож байна. Энэ хэргийг хууль шүүхийнхэн нууцын зэрэглэлтэй гэж байгаа ч нуугаад байж таарахгүй учир би илчилж байна" гэж Ж.Батзандан албан ёсоор мэдэгдэв.

 Цахим ертөнцөд их хэмжээний луйвар, залилан хийснээс гадна хууль бусаар казино ажиллуулж байсан байж болзошгүй гэх мэдэээлэл байна. Жуулчны визээр орж ирсэн тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байгаа юм. 

Жуулчны визээр орж ирсэн БНХАУ-ын иргэдийг бөөнөөр нь олон хоногоор орогнуулж байсан “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгуудыг битүүмжлээд байгаа юм. Учир нь өнгөрч буй долоо хоногт БНХАУ болон Монгол Улсын харилцан эрхзүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд, Хятадын талаас хүсэлт гаргасны дагуу манай улсын хуулийн байгууллагын зөвшөөрлөөр БНХАУ-ын Эрүүгийн мөрдөгч, тусгай багийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хаалттай хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй уулзсан. Аравдугаар сарын 12-15-нд Хуан гэх хятад иргэн Засгийн газрын Шадар сайдтай уулзсан байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн дарга нар тус уулзалтад оролцжээ. Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүсэд "Цахим казино” ажиллуулах зорилгоор хятадуудтай уулзаж, туршилт хийх хүсэлтийг тавьсан байна. Нийт 53 халхавч компани байгуулж, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гарган, жуулчин нэрээр орж ирсэн байна. Оруулж ирэхдээ ч, гаргахдаа ч зохион байгуулалттай ажилласан байна”  гэсэн юм.