<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Өвөр Монголын хоёр иргэнээс хар тахлын халдвар илэрчээ
featured

Өвөр Монголын хоёр иргэнээс хар тахлын халдвар илэрчээ

 Дэлхий нийтэд айдас төрүүлдэг хар тахлын халдвар авсан ӨМӨЗО-ы хоёр иргэнийг Бээжин хотын эмнэлэгт эмчилж байна гэж БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Эрүүл мэндийн комиссын удирдлагууд пүрэв гарагт мэдээлжээ. “Нэг өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бол нөгөө хүний биеийн байдал тун хүнд байгаа хэдий ч доройтсон шинж тэмдэг илрээгүй” гэж Эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурджээ. ӨМӨЗО-ы хойд нутгийн хоёр иргэнээс хар тахлын халдвар илэрсэн талаар тус комисс мягмар гарагт мэдээлсэн байна.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насанд хүрч байсан өвчин бол хар тахал юм. Халдвар авсан хоёр хүнийг Өвөр Монголын орон нутгийн түргэн тусламжаас Бээжин хотын Чаоян дүүргийн анагаахын хүрээлэн рүү илгээжээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдтэй ойр дотно холбоотой байсан хүмүүсийг тусгаарлаж, биеийн байдлыг нь ажиглаж байгаа бөгөөд тэднээс халуурах болон өөр бусад шинж тэмдэг илрээгүй байгаа аж. 

Хар тахалд өртөөд байгаа Өвөр монгол иргэд эмнэлгийн хяналтад, эмчилгээ хийлгэж байгааг Хятадын албаныхан мягмар гарагт мэдээлсэн байна.  Хятад улсад энэ жил хоёр дахь удаагаа хар тахал бүртгэгдэж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө буюу өнгөрсөн 5-р сард тарваганы түүхий элэг идсэн Монгол хосууд тахлаар өвчилж амиа алдсан юм. 

Хар тахал нь дотроо гурван төрөл байдгийн нэг нь  булчингийн буюу халдвар авсны хүний цавь, хүзүүний булчирхай хавддаг тахал юм. Одоогоор Бээжингийн Чаоян дүүрэгт эмчлүүлж байгаа Өвөр монгол иргэд булчингийн тахал аваад байгааг тогтоожээ. Тарвага, зурам зэрэг мэрэгч амьтанд элбэг байдаг нохойн бөөс нь хар тахлын нянг тээгч гэж судлаачид үздэг байна. Дунд зууны үед хар тахал Азиас Европт тархаж, 50 сая хүний аминд хүрч,  хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн  аюулт тахлаар нэрлэгдсэн юм. Хар тахлын эсрэг вакцин, эм бэлдмэл гараад байгаа ч эмчилгээгээ орхивол үхэлд хүргэнэ гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлэлд онцолжээ.  Тус байгууллагаас танилцуулснаар 2010 оноос 2015 оны хооронд дэлхийн дахины хэмжээнд 3200 гаруй хар тахал илэрснээс 584 өвчтөн амиа алдсан байна. Энэ тахлын тархалт хамгийн өндөр орноор Конго, Мадагаскар болон Перу нэрлэгддэг байна. АНУ ч гэсэн жил бүр хар тахал бүртгэгддэг юм байна.