
Бууцагааны тос даасан бор ааруул жинхэнэ эко бүтээгдэхүүн
Бууцагаан сумын мал эрүүл, сүү шим сайтай болохоор цагаан идээ нь гайхалтай сайхан гэж хүмүүс магтана. Мал сүрэг нь ямар нэг халдварт өвчинд өртөөгүй цор ганц бүс нутгийг Баянхонгор гэдэг. Хонгор нутгийн малын мах, хонины ууц, үхрийн өөхтэй өвчүү, уулын зэрлэг сонгино, ингэний исгэлэн хоормог гээд л нэрлэхэд шүлэг мэт. Бууцагааны том бор ааруул, Галуутын цагаан бурам, Эрдэнэцогтын сарлагийн өтгөн сүү, хэнз зөөхий, тогооны шинэхэн өрөм, ээзгий зэрэг эко бүтээгдэхүүн нь яалт ч үгүй эрүүл малын буян билээ. Шинэжинстийн цагаан ямааны ноолууран бүтээгдэхүүн энэ тэр гээд ярьвал хонгор нутгийнхныг магтаад баршгүй. Ялангуяа Бууцагаан нутгийн сүү амтагдсан бор ааруулыг амтлаад, амтлаад ханашгүй. Бууцагаан бол аймгийнхаа баруун захын сум. Сумын төв Буянт нь Улаанбаатараас 810 км, аймгийн төвөөсөө 180 км-ийн зайтай оршдог. Ер нь төвөөс алслагдсан нутаг. Гэхдээ тэнд ажилсаг түмний амьдрал өөдөө байдаг билээ. Хамгийн амттай ааруул хийдэг ард түмэн нутгийн эко брендээрээ олныг даллан дуудаж байдаг юм. Нутгийн бор ааруулыг амтархан идэхгүй байхын аргагүй ээ.