<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Түүхий нүүрсэнд баяртай гэж хэлье
featured

Түүхий нүүрсэнд баяртай гэж хэлье

Ч.Үл-Олдох

Хот утаагүй, иргэд бухимдалгүй өдрүүдэд харь гаригт ирсэн мэт мэдрэмж төрүүлж буй тухай сэтгэгдлээ залуус сошиал ертөнцөд хуваалцжээ. “Улаанбаатар минь ийм бил үү”  хэмээн уулга алдаж их хотын хаа нэгтээгээс зураг авч оруулсан нь харагдана. Энэ бүхнийг та ч бас харсан байх, уншсан байх. Үнэхээр хотод утаа алга. Харин уурын зуухнуудын яндангаас бол  утаа гарч байна. Энэ бол түүхий нүүрс түлж байгаа цагт утаа гарна гэсэн үг л дээ. Бас түүхий нүүрсээ санагалзаад байгаа нөхдүүдэд тэрийг түлэх юм бол эргээд ийм болно шүү гэдгийг сануулах мэт.

Ямартай ч шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь Монголын төр 40 жил шийдэж чадаагүй, “Агаарын бохирдлыг бууруулна” хэмээн үе үеийн эх баригчдын мөнгө хүүлж ирсэн асуудалд цэг тавих эхний алхам боллоо. Ингэж дүгнэх нь яарсан хийгээд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй байх гэж бодогдоно. Гэхдээ их хотынхон бидэнд утаанаас салах гэж  яарсан даарсан асуудал, алдаа оноотой зүйл байсан уу гэвэл байсан. Заримынх нь хэтэрхий хайнга, хариуцлагагүй хяналтгүй байдал эрсдэл авчирч амь насаа алдсан харамсалтай явдал ч гарлаа. Гэвч энэ бүхний эцэст утаа багаслаа. Нийгмийн бухимдал, хүмүүсийн уур уцаар ч бас багасчээ. Хот тайван, хүмүүс ч тайвширч эхэлж байна. Угаартсан гэх дуудлага ч багассаныг холбогдох албаныхан хэлж байгаа юм.

Гэхдээ  шахмал түлшний тухай хэлэлцүүлэг бол дуусаагүй, харин ч идэвхтэй үргэлжилж байна. Утааг бүрмөсөн ялахын тулд шахмал түлшийг илүү сайжруулах шаардлага бий. Иймээс түүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн цагаас эхлэн нийгмийн  сайн, саар элдэв асуудлын шат дамжлагыг туулж өргөн хэлэлцүүлгийг өрнүүлж ирсэн.Тэр нь одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын дарга гэр хорооллоор “айл хэсч”, Хотын дарга “Танайд хоноё” хэмээн үдэш оройн цагаар иргэдийнхээ хаалгыг тогшиж явна. Энэ давалгаанд Зайсангийн ам, Нүхтийг “нүхэлсэн” тансаг хороололд амьдардаг баячуудын хүүхдүүд, адал явдалд дурлагч залуус хүртэл татагдаж орлоо. Тэд хэсэг бүлгээрээ гэр хороололд амьдардаг айлд хонож, шахмал түлшийг туршиж сонирхсоноо нүүр номдоо оруулжээ. “Угаарын хийд хүмүүс хордлоо, амь насаа алдлаа” гэсэн мэдээлэл  ийнхүү хүн бүгдийг хөдөлгөв.

Эхний түгшүүрт мэдээлэл гарангуут дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд яав, ийв хэмээн холбогдож,  алсын Америкт судалгаа хийж явсан физикч, доктор Д.Наранбаатар нүүрсхүчлийн хийн талаар тайлбарлан таниулах ажлыг эхлүүлсэн. Мэргэжлийн сэтгүүлзүй үүргээ гүйцэтгэж бүх талын байр суурийг нээлттэй, тэнцвэртэй хүргэснээр асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж, шахмал түлшийг тал талаас “шүүж” сайжруулах марфоныг эхлүүлсэн. Энэ бүхнийг хүмүүс сайн санаж байгаа байх. Хэн юу ярьж байгааг анхаарч судалсан байх. Шахмал түлш бас цөөхөн монголчууд бие биедээ хэчнээн хайртайг, байранд амьдардаг хүмүүс  нь гэр хорооллынхны амьдрал хамаагүй гэдэггүйг харилцан ойлгуулж өглөө.

Харин одоо бид түүхий нүүрсээ санагалзах биш шахмал түлшээ сайжруулаад урагшаа харж явах болохоос шинэ шийдлээс ухарч болохгүй юм. Энэ зорилт түүхий нүүрсэнд баяртай гэж зоригтой хэлснээр л хэрэгжих боломжтой.  Засгийн газраас   түүхий нүүрснээс татгалзах шийдвэрийг өнгөрсөн хавар гаргасан нь  хэрэгжээд явж  байгаа. Энэ шийдвэрийг дор бүрдээ хэрэгжүүлээсэй. Утаагүй, бухимдалгүй, эрүүл монгол хүний төлөө та “за”  гэж хэлээрэй.