<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Олимп төвийн анхны тэмцээн боллоо
featured

Олимп төвийн анхны тэмцээн боллоо

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын Олимп спорт авиралтын төвийн нээлтэнд хэлсэн үг

Эрхэм хүндэт Тонхилчууд аа,
Эрхэм Алтайчууд аа,
Хүндэт зочид оо,

Та бид эл өдөр манай улсын уулын спортын хөгжилд түүхийн нэгэн шинэ хуудас нээж байна. Тонхил сумын уугуул, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”клубын Олимп спорт авиралтын төвийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхний эл өдрийн түмэн амгаланг эрж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Юуны өмнө чухам яагаад Тонхил суманд Олимп нэртэй төвийн бүтээн байгуулалт өрнөх болов гэдэг талаар өөрийн санал, бодлоо товч хуваалцья.

Нэгд,Уулын спортын орчин үеийн төрлүүдээс спорт авиралт нь хүн төрөлхөтний спортын баяр цэнгэл Олимпийн их наадмын хөтөлбөрт багтсан явдал юм. Токио 2020 Олимпийн их наадмаас гараагаа эхэлж байгааг бид бүхэн бэлхэнээ мэдэх билээ.

Хоёрт,Тонхилын тамирчдын амжилт дотоодод төдийгүй тив,дэлхийн түвшинд хүрч,амжилт нь ахисаар буй явдал. Энд спорт авиралт,мөсөнд авиралт,хаданд авиралтаас гадна хөнгөн атлетик,бөхийн төрлүүд болон спортын бусад төрлүүдийн хувь нэмэр арвин бий.

Гуравт, Сургалт,дасгалжуулалтын мэдлэг,туршлага тасралтгүй ахиж улам бүр зузаарсаар буй нь өсвөр, залуу халаа тамирчдын нөөц бэлтгэхэд давуу тал олгож байна.

Дөрөвт,Спортын мэргэжилтнүүд,Олимпийн бусад төрлийн шилдэг тамирчид,багш дасгалжуулагч нарын үзэж байгаагаар газар зүйн байршил тухайлбал, д.т.д 2200 метрт байрлаж байгаа нь мөн л давуу тал байх болно. Хөдөлмөрч ард иргэд,үзэсгэлэнт байгаль,цэнгэг ус,агаар гэх зэргийн тухайд дурьдах нь илүүц билээ.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл,Тонхилчууд зөвхөн дотоод,гадаад тэмцээн уралдаанд ялалт байгуулаад зогсохгүй хөрөнгө оруулалт,хандив тусламж татах өрсөлдөөнд ялагч болсон билээ. Хөрөнгө оруулалт бол их спортын талбараас дутахгүй ширүүн өрсөлдөөнт зах зээл ажээ.

Олимп спорт авиралтын төв нь зөвхөн Тонхилын төдийгүй Баруун бүсийн аймгуудын хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжлийг сайжруулах, спортын амжилтыг ахиулахад тус дэм болоосой хэмээн бид ихэд найдаж буйн зэрэгцээ мэдэх, чадах бүхнээ харамгүй хуваалцаж хамтдаа хөгжихийн төлөө зүтгэцгээхийг уриалж байна.

Өвөл, зуны Олимп авиралтын төрлүүдээр Баруун бүсийн төв болон цаашид хөгжих сайхан ирээдүй Та бүхэнд бий. Хүний нөөцийн сайн ундарга нийтлэг давуу тал байх бизээ.

Олимп спорт авиралтын төв бол төр,төрийн бус байгууллага,хувийн хэвшил,сумын ард иргэдийн хамтын бүтээл юм. Санхүүжилтийг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, сумын ЕБС-ийн хамт олон, иргэд малчид, “Сутайн бор” клуб, Я.Жанцан агсны үр хүүхдүүд, ах дүү нар, төрөл төрөгсөд, уулын спортод элэгтэй сайн санаат байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг,туслалцаатайгаар шийдвэрлэлээ. “Сутайн бор” клубын зүгээс энэ талаар жич дэлгэрэнгүй тайлагнах болно.

Бид өвлийн төрөл буюу мөсөнд авиралтын байгууламжийг дараагийн ээлжинд барьж байгуулахаар зорьж буйг дуулгахад таатай байна. Чингэвэл спортын төдийгүй аялал, жуулчлал хөгжүүлэхэд бодит хувь нэмэр болох талтай юм.

Бүтээн байгуулалтын ажлыг Б.Одмандах захиралтай “Нягт холбоо”ХХК-ийн хамт олон сэтгэл, зүтгэл шингээн урласан. Б.Одмандах бол “Сутайн бор”клубын тамирчин, Уулын спортын нэгдүгээр зэрэгтэй уулчин хүн. Танай хамт олонд онцгойлон талархал илэрхийлье. Цөөнгүй хүндрэл,бэрхшээлүүдтэй нүүр тулж байсан хэдий ч амжилттай даван туулсан билээ.

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид,төлөөлөгчид, нийт оролцогчдод дахин талархал илэрхийлье. Та бүхэнд баярлалаа.

Тонхилд тавтай морил.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөл,Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн,Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх phD

Говь-Алтай аймаг
Тонхил сум
2019.10.18

 

Нээлтийн ёслолын хоёр дахь өдөр спорт авиралтын тэмцээнээр үргэлжиллээ. Тонхил сумын ЕБС-ийн II-VIII ангийн 21, IX-XII ангийн 10 нийт 31 сурагч хурд болон техникийн төрөлд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Ирээдүйн аваргуудын гараа ийнхүү эхэлж буй юм. Тэмцээний хурдны төрөл техникийн төрлөөс илүүтэй өрсөлдөөнтэй болж өндөрлөв. Мөн тэмцээний үеэр Сутайн бор клубын тамирчид үзүүлэх авиралт гүйцэтгэж, сонирхсон залуучууд, иргэд чөлөөт авиралт гүйцэтгэв. Тэмцээнд оролцогчид, үзэгчид сэтгэл дүүрэн амралтын өдрийг өнгөрөөлөө.

Мэдээг Д.Хандсүрэн “Сутайн бор” клубын тамирчин, Уулын спортын III зэрэгтэй

Говь-Алтай аймаг
Тонхил сум