<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгт тайлбар өгөв
featured

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгт тайлбар өгөв

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл хийв. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхэд ирээгүй, "Бид уучлахгүй" ТББ-аас хөрөнгө орлого нь нэмэгдсэн гишүүдийн тоонд оруулж мэдээлсэн зэрэг  асуудалд тайлбар хийж, мэдээлэл өглөө.

-Таны хөрөнгө, орлого гэнэт яагаад өсөв? 

-Би  Б.Пүрэвдорж гишүүний   ёс зүйн асуудлыг Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.  Гэтэл “itoim” гэдэг сайтад намайг хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн дунд хавчуулаад, өөрөө Ёс зүйн дэд хорооны хуралд ирээгүй мэтээр бичсэн. Энэ сайт ямар шалтгаанаар намайг ингэж гүжирдэж, гүтгэж байгааг мэдэхгүй байна.  Өчигдрийн болсон хурлын процесс, миний өгсөн бичиг байгаа. Гурван гишүүний асуудал тусдаа. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар хуралдаан тасалдуулсан асуудлыг л ёс зүйн хороогоор хэлэлцэж өгөхийг хүссэн. 

Би 2009 хойш тасралтгүй ХОМ өгч ирсэн. Өөрийнхөө хөрөнгө, орлогын асуудлыг АТГ-т жил бүр тайлбарлаж байгаа. Хүн өөрийнхөө орон сууцыг борлуулахад, тэр мөнгө нь орлогод нэмэгддэг. Үүнийг өөрсдөө очоод асуугаад, тайлбар авна биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн ярьсан юм болгонд би нэг бүрчлэн тайлбар өгөх боломжгүй.  Хүн олсон орлогоо үнэн зөвөөр, орлого гэдэг талд нь бичиж, тайлагнах ёстой. Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг  бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. Энэ орлого л болж таарна.

Аж ахуйн эрхэлж олсон мөнгөө бас орлого талд нь бичнэ. 2016 оноос эдийн засаг сэргэж эхэлсэн. Миний барьсан орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Би тэр болгоныг бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах албагүй.

-Таны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ  2017 онд 350 сая байсан. Харин 2018 онд 650 сая болсон байна. Зуслангийн байшингаа зараад орлого чинь ингэж өссөн хэрэг үү?

-Байшингаа зараад олсон орлого. Хэрвээ ямар нэг байдлаар хардаад байгаа бол АТГ-т өгөөд шалгуул.

-Гишүүн болохоос чинь өмнө Таны жилийн орлого 28 сая төгрөг байжээ. Харин гишүүн болсноос чинь хойш 300 сая даваад явчихаж.  Өнгөрсөн жил гэхэд бүүр өндөр,  650 саяд хүрсэн байна. Тиймээс хардаад байх шиг?

-Намайг гишүүн болоогүй байхад барилгын борлуулалт муу байсан.  Миний нэр дээр бүртгэлтэй компаниуд 2010 онд байгуулагдсан.  Хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг сэргэж, орон сууцны борлуулалт нэмэгдсэн. Эдийн засаг сэргэж байгаа эсэхээс шалтгаалаад орлого нэмэгдэж, буурч л харагдана биз дээ.

-Таны өөрийн орлого л гэхэд 300 гаруй саяар нэмэгдээд, 411 сая болж өссөн харагддаг л даа. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ чинь 350 сая байж байгаад 650 сая болчихож. Хэрвээ та амины орон сууцаа зарсан бол үл хөдлөх хөрөнгийн чинь үнэлгээ буурах ёстой биз дээ. Үүнийг л асуугаад байна л даа?

-Нэг амины орон сууцыг зараад, орлого талдаа бичнэ. Бичих ёстой учраас. Харин тэр мөнгө дээрээ нэг барилгын хоёр давхрыг зараад, олсон орлогоо нэмээд, өөр нэг амины орон сууц худалдаж авсан. Ингэхээр нийлбэр нь хоёулаа орлого талдаа нэмэгдээд байгаа юм. Шалгах ёстой гэвэл шалга. Би шалгуулахад бэлэн. Илүү харж, хулгай зэлгий хийдэг хүмүүстэйгээ тэмц. Минийх бол бизнесийн үйл ажиллагаа, амины орон сууц зараад олсон, хууль ёсны орлого.