<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Японд 12 мужийн 5000 гаруй хүнийг түр хоргодох газруудад нүүлгэн шилжүүлжээ
featured

Японд 12 мужийн 5000 гаруй хүнийг түр хоргодох газруудад нүүлгэн шилжүүлжээ

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японыг хар салхи дайран өнгөрсний улмаас 12 мужийн 5000 гаруй хүнийг түр хоргодох газруудад нүүлгэн шилжүүлжээ. Японы зүүн хойд нутгийн Фүкүшима мужаас хамгийн олон буюу 1882 хүнийг 61 түр хоргодох газарт нүүлгэн шилжүүлжээ. Токио хотоос баруун хойно орших Нагано мужаас 1084 хүн, Мияги мужаас 862 хүнийг тус бүр түр хоргодох газруудад нүүлгэн шилжүүлсэн байна.

 “Хагибис” хар салхи улмаас 13 мянга гаруй байшин барилга үерийн усанд автжээ. Точиги, Нагано зэрэг 16 мужид 7394 байшингийн үерийн усанд автсан хэсэг нэгдүгээр давхрыг давсан бол Сайтама, Шизүока зэрэг 21 мужид 6509 барилгын нэгдүгээр давхраас дооших хэсэг үерийн усанд автсан байна.

Байгалийн гамшгийн улмаас 1100 гаруй байшин барилга хэсэгчлэн болон бүрэн сүйджээ. Нийт 7 мужид 77 байшин бүрэн сүйдсэн бол 21 мужид 1038 байшин хэсэгчлэн сүйдсэн аж.

Гамшгийн уршгийг арилгахад 2019 оны төсвөөс 710 сая орчим иенийг /6.5 сая ам.доллар/ зориулна гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.

Хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн төв, зүүн, зүүн хойд нутаг дахь түр хоргодох газруудыг ундны ус, хоол хүнс, ор зэрэг шаардлагатай нөөцөөр хангах, зөөврийн бие засах газрууд байгуулах зэрэг ажилд уг санхүүжилтийг зарцуулах аж.

Лхагва гарагт Японы аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө дараалан явуулжээ. “Хагибис” хар салхины улмаас 73 хүн амиа алдаж, 10 гаруй хүн сураггүй болжээ. 2011 онд хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн зүүн хойд нутаг хамгийн их хохирол амссан бөгөөд Фүкүшима мужид хамгийн олон буюу 26 хүн амиа алдсан байна. 

 

Таг: