<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Маргааш “Богд хаан-150: Түүх, соёл, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд эхэлнэ
featured

Маргааш “Богд хаан-150: Түүх, соёл, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд эхэлнэ

 VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Богд хаан-150: Түүх, соёл, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд маргааш эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулах юм.

Хурлаар  ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёл, шашин, урлаг, уран зохиол, Богд хааны амьдрал, улс төр, шашин, Богд хаан ба Монгол Улсын төрийн зүтгэлтнүүд, Богд хаант Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлого, Батлан хамгаалах бодлогын хэрэгжилт,  Богд хааны талаарх архивын эх сурвалжийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.  

Хуралд ОХУ, Япон, Герман, Унгар, Польш, БНХАУ, Монгол зэрэг орны 33  монгол судлаач, эрдэмтэн, профессор илтгэл тавих юм. Тодруулбал, Япон Улсын монголч эрдэмтэн Наками Татсуо, Тачибана Макото, Герман улсын монголч эрдэмтэн Удо Баркманн, ОХУ-ын  монголч эрдэмтэн С.Л.Кузьмин, ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ю.В.Кузьмин, эрдэмтэн Л.Н.Крайнова, Унгар улсын эрдэмтэн Кристина Телеки, Польш улсын эрдэмтэн Каролина Зигмановска нарын гадаадын нэртэй 10 гаруй эрдэмтэн оролцоно. Мөн Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрэлээн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, СУИС, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагын эрдэмтэн, багш, лам нар илтгэл тавих юм.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцоно.  

Ташрамд дурдахад, 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 тоот зарлиг буулгасан билээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлахаар Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийд үзэсгэлэн гаргах, ном, баримт бичгийн эмхтгэл хэвлэн нийтлүүлэх зэрэг ажлыг  өнгөрсөн хугацаанд хийжээ.