<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, соёлоо сурч байна
featured

Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, соёлоо сурч байна

 Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын хувьд хамгийн их сэтгэл зовоосон асуудал бол хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй, ярьж чадахгүй байгаа явдал.  Үүнийг шийдэхийн тулд гадаадад монгол хэл, соёлын төвүүд байгуулагдаж, монгол хүүхдүүд монгол хэл соёлоо сурч байна.
2019 оны эхний улирлын байдлаар гадаад улсад манайхаас 180 мянга гаруй иргэн амьдарч байна. Үүнээс БНСУ-д 40 мянга, АНУ-д 40, Европт мөн тооны иргэд ажиллаж, амьдарч байгаа тоо бий. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хилийн чанадад байгаа монгол хэл, сургалтын төв болон хүүхдүүдийн талаар судалгааны сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Энэ судалгаагаар 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн 18 оронд 55 монгол хэл, соёлын төв үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим нь үйл ажиллагаагаа сургууль гэж ярьж байгаа бөгөөд хэл соёлоос гадна үндэсний бүжиг заадаг ч төв бий. Тэр төвд ажиллаж буй багш нарын мэдээллээр нийт 122 багш гадаад оронд ажиллаж байгаагийн ганц хоёр нь мэргэжлийн багш байх жишээтэй. Эдгээр төвүүдэд нийт 1800 гаруй хүүхэд суралцаж байна.    
    

ЭНЭТХЭГ УЛСАД 1000 ОРЧИМ ХҮҮХЭД ШАШНЫ СУРГУУЛЬД  СУРДАГ
 

Одоо сангийн мэдээллээ сайн бүрдүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Жишээлбэл, Энэтхэг улсад шашны чиглэлээр шавьлан суралцаж буй монгол хүүхдүүдийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Элчин сайдын яамнаас мэдээлэл авах хүсэлт гаргасан боловч тодорхой үр дүн гараагүй байна. Тиймээс Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран мэдээлэл авахад албан бус тоогоор 1000 орчим хүүхэд шавьлан сууж байгаа аж. Тэр дунд насанд хүрсэн хүүхдүүд ч цөөнгүй байгаа юм. Зөвхөн 0-18 насны монгол хүүхдүүдийг судлахад нэлээд олон тоо гарчээ. Эдгээр хүүхдүүд бага наснаасаа гадаад улсад амьдарсан учраас төрөлх хэлээрээ ярьж, бичиж чадахгүй болсон байдаг.
Тийм учраас салбар яамнаас өнгөрөгч долоо хоногт зөвхөн Энэтхэг улсад амьдарч байгаа монгол хүүхдүүдийн хэл, соёлыг судлах, боловсрол эзэмшүүлэх асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулаад байгаа аж.
Бас Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх, хилийн чанад дахь хүүхдийн асуудал эрхэлсэн секторын мэргэжилтнүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын ажлын хэсэгтэй хамтран зөвхөн БНХАУ-ын Эрээн хотод амьдарч байгаа монгол хүүхдүүдийн боловсролын асуудлыг судлаад ирсэн. Цаашдаа бусад хотуудад амьдарч байгаа монгол хүүхдүүдийн мэдээллийг цуглуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байв.
    

БНСУ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАНЦХАН СУРГУУЛЬ 300 ГАРУЙ МОНГОЛ СУРАГЧТАЙ
 

 Монголчуудын олноор ажиллаж, амьдарч буй улс бол БНСУ. Энэ улсад гэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрөлтэй ганцхан сургууль байдаг аж. Тэр сургууль нь 300 гаруй сурагч, 16 багштайгаар үйл ажиллагаагаа тусгай хөтөлбөрөөр явуулдаг байна. Мөн тухайн улсад хоёр монгол хэл, соёлын хоёр сургалтын төв ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм. Салбар яамны зөвшөөрөлтэй ажиллаж буй ганц сургуульд энэ жилээс эхлэн Улсын төсөвт хувьсах зардал суулгаж эхэлсэн гэнэ.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын Тэгш хамруулан суралцуулах бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа мэдээлэл өгөхдөө “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яамнаас өнгөрөгч 2018 онд Хилийн чанад дахь монголчуудын холбоо төрийн байгууллагатай хамтран гуравдугаар чуулга уулзалтыг хийсэн. Тэр чуулга уулзалтынхаа дагуу холбогдох яамдын мэргэжилтнүүд ажлын төлөвлөгөө гаргасан. Манай яамны ажлын төлөвлөгөөгөөр хилийн чанадад байгаа монгол хэл, сургалтын төв болон хүүхдүүдийн талаар судалгааны сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн тэр төв дээр ажиллаж байгаа багш, сурагчдад ямар дэмжлэг шаардлагатай байгааг тусгаж ажилласан. Салбар яамны сайдын 2019 оны А/80 тоот тушаалаар яаман дээрээ ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын харьяат хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлж, боломжийг судлан, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдан Гадаад харилцааны яам болон Хилийн чанад дахь монголчуудын холбоо төрийн байгууллагатай хамтран мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлсэн.
Энэ судалгаагаар 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн 18 оронд 55 монгол хэл, соёлын төв үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим нь үйл ажиллагаагаа сургууль гэж ярьж байгаа бөгөөд хэл соёлоос гадна үндэсний бүжиг заадаг ч төв бий. Тэр төвд ажиллаж буй багш нарын мэдээллээр нийт 122 багш гадаад оронд ажиллаж байгаагийн ганц хоёр нь мэргэжлийн багш байх жишээтэй. Эдгээр төвүүдэд нийт 1800 гаруй хүүхэд суралцаж байна” гэв.
    

МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАР ӨӨРСДӨӨ СУРАХ БИЧИГ ЗОХИОСОН
 

Гадаадад монгол хэл, соёлын сургалтын төв ажиллуулдаг багш нарын хувьд өөрсдөө их хичээл зүтгэлтэй ажилладаг байна. Зарим нь хүүхдүүдэд хичээл заах сурах бичиг хүртэл зохиосон байдаг гэнэ. Өнгөрсөн жил салбар яамнаас гадаад орнуудад монгол хэл, соёлын төвд багшилж буй багш нарт сургалт явуулсан. Уг сургалтад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш нар хамрагдсан бол энэ жил хоёр ч сургалтыг зохион байгуулаад байгаа аж.    
Өнгөрөгч зургадугаар сард Европын холбооны улс орнуудад ажиллаж буй 15 багш нарыг хамруулсан Шведийн вант улсын Стокхолм хотод болсон сургалтад Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс арга зүйч томилон ажиллуулсан байна. Мөн наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан сургалтад АНУ, Бельги, Швед, Их Британи, ОХУ, БНСУ, Япон зэрэг улсаас ирсэн 14 багшид туршлага солилцох сургалтыг хийжээ.
    

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮҮХДҮҮДЭД ХОС ХЭЛНИЙ АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛНЭ

 Монгол Улсад казах үндэстний 90 хувь нь Баян-Өлгий аймагт амьдарч байна. Тэнд хүүхдүүд сургуулийн өмнөх болон нэгдүгээр ангийн хичээлээ төрөлх хэл дээр үздэг. Харин хоёрдугаар ангиасаа монгол хэлний хичээлийг үздэг байна. Мөн суурь боловсрол руу дамжихаар монгол хэлээр хичээлүүдээ үздэг. Зөвхөн төрөлх хэл, уран зохиолын хичээл нь казах хэл дээр ордог аж. Тиймээс Элсэлтийн ерөнхий шалгалтаар Баян-Өлгий аймаг монгол хэл, нийгмийн ухааны хичээлээр улсын дунджаас доогуур, англи хэл, байгалийн ухааны хичээл, орос хэлний хичээл улсын дунджаас дээгүүр байна вэ гэхээр төрийн хэлний асуудалд анхаарах болсныг илтгэнэ.
Боловсролын хүрээлэнгээс тус аймагт ажиллаж буй багш нарын монгол хэл заах арга зүй, түвшинг дээшлүүлэхээр 500 багшийг сургалтад хамруулжээ. Мөн олон улсаас туршлага судалж, Ерөнхий боловсролын сургуульд хос хэлний сургалтын арга зүйг нэвтрүүлэхээр болсон гэдгийг албаныхан хэлсэн юм. Тува үндэстэний хувьд Хөвсгөл аймаг болон Баян-Өлгий аймагт амьдардаг. Тува хэлний хөтөлбөрийг дахин боловсруулж, илүү сайжруулах ажлыг хийж байгаа аж.