<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Л.Бямбажаргал: Хордохгүйн тулд хий мэдрэгчийг гэртээ заавал ав, амь наснаасаа харамлаж болохгүй
featured

Л.Бямбажаргал: Хордохгүйн тулд хий мэдрэгчийг гэртээ заавал ав, амь наснаасаа харамлаж болохгүй

Физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.

-Шахмал түлшнээс болж 28 хүн угаартаж, дөрөв нь нас барсан мэдээллийн мөрөөр мэргэжлийн хүнээс тайлбар авахаар  таныг зорьж ирсэн юм. Та ч бас сонсч дуулсан байх. Болсон явдалд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Түлш бол түлш, шахсан л болохоос нүүрс хэвээр байгаа шүү дээ. Утаа буюу тортог гэж хэлбэл монгол хэлэнд зөв  шиг байгаа юм, энэ нь  шатаж байгаа бүх зүйлээс  гарна. Өөрөөр хэлбэл, шатаж л байгаа бол  химийн урвал явагддаггүй элемент гэж байхгүй. Тэгэхээр утаагүй түлш гэж нэрлэх нь ч  буруу. Харин тортогийг нь багасгасан түлш юм. Хоёрдугаарт, бид хийн хоолой татаж нийтээр нь  дулаан байшинд оруулж, шөнийн цахилгаанаар бүгдийг нь халаана гэж мөрөөдлийн юм ярьдаг. Гэтэл  Монгол Улсын эдийн засаг үүнийг хэзээ ч дийлэхгүй. Түүний оронд шинэ хот байгуулах юм уу, нийслэлээ нүүлгэх нь илүү хямд зардал гарч магадгүй. Тэгэхээр мөрөөдлийн зүйлүүдээс зайлсхийх, эхний шатанд авах зайлшгүй арга хэмжээ бол яах аргагүй сайжруулсан  түлш мөн. Гуравдугаарт, энэ түлштэй зэрэгцээд олон нийт  хоёр тал болоод  үзэж тарж эхэллээ. Үнэхээр угаартсан гэдэг онош тогтоогдоод ирсэн бол   технологийн горимын алдаа, осол   гэж ойлгогдож байна.

-Тэр хүмүүсийг хордсон гэдэг ойлголт нийгэмд бий болсон шүү дээ. Та осол гээд  байгаагаа тайлбарлана уу?

-Энэ юу гэсэн үг вэ гэвэл, нэг жишээ хэлье. Дээхнэ үед одоогийнх шиг дулаан гарааж байсангүй,  машин халаана гэж бөөн юм болдог байлаа. Машинаа хуччихаад дотор нь суугаад халаана. Ингэж байгаад угаартаж нас барсан хүн ч цөөнгүй. Намайг бага байхад манай Говь-Алтайд пийшин гэж юм нэвтрээгүй зуухандаа аргал хөрзөн, заг түлж халуу шатахаар нь яндангаа буулгаж аваад өрхөө бүтээгээд унтчихна. Ингээд угаартаж нас барсан хүмүүс   ч байдаг байлаа. Энэ бол хүнтэй холбоотой горимын алдаа, осол юм. Угаартах үзэгдэл  ч шинэ зүйл  биш. Шахмал түлш гарч ирснээр гэнэт бий болчихоод байгаа  юм биш. Угаартах үзэгдэл буюу нүүрсхүчлийн дутуу исэл гээч зүйл  нь хүчилтөрөгчийн нэг атом дутуугаас үүдэлтэй.  Нүүрсхүчлийн хий нь  СО, дутуу исэл нь СО2 гэсэн химийн нэгдэл юм. Энэ нь агаарт байгаа хүчилтөрөгчийн атомыг өөртөө  шингээж авдаг. Тиймээс хэрэв битүү орчинд шаталт явагдаж байгаа тохиолдолд угаарын хий тэр орчинд байгаа хүчилтөрөгчийн атомыг өөртөө шингээж аваад, түүгээр нь амьсгалсан хүн маш хурдан хордлогод ордог, бөөлждөг, тэр бүү хэл ухаан алдуулж амь насанд нь хүрдэг ийм л зүйл. Энэ бол хүн төрөлхтөнд шинэ зүйл огт биш.

-Гол нь шахмал түлшинд хортой бодис байх шиг байна. Нүүрсний үйрмэгийг наалдуулж байгаа бодис нь химийн хортой байж магадгүй. Тиймээс иргэд угаартсан уу, хордсон уу гэдэг асуулт гарч байна?

-Миний ойлгож байгаагаар саяын хэд хоногийн цочир хүйтрэлтээр гэр хорооллын маш олон айл  шахмал түлшийг  хэрэглэсэн байх. Нийслэлийн гэр хороололд 200 мянгаад айл байдаг гэхэд 50-60 мянга орчим нь сайжруулсан түлшийг түлсэн. Хортой байсан бол тэдгээр  айл өрхөөс  хордлого шууд илэрнэ. Гэтэл нэг удаагийн золгүй явдлаас болж утааг бууруулах чиглэлд хийсэн   шийдвэртэй алхмаас ухрах нь буруу болов уу. Би өөр намын хүн, МАН-д дуртай биш. Үүнийгээ нуугаад яах вэ, тэгсэн хэрнээ юм хийе гэсэн зоримог алхмыг нь бол зөв талаас нь хардаг. Агаарын бохирдлыг бууруулахад зөв зүйтэй ажил учраас урагшаа яваасай гэж боддог. Мэдээж бид   хардах эрх бий. Иргэд хоёр талаар хардаж байна. Нэг талаар энэ арга хэмжээг эсэргүүцэж байгаа хүмүүс  асуудлыг дэвэргэж, зохион байгуулалттай үзэж  байх шиг. Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг МАНАН-гийн хийж байгаа ажил гэж цахим орчинд шуугиж байгаа бололтой. Нөгөө талаас эд нар өнөө өвөл шахмал түлшнийх нь чанар танигдаад нийслэлийг дулаанаар хангаж чадахгүйг мэдэнгүүтээ татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд ард түмний шахалтаар зогслоо гээд эхлүүлсэн ажлынхаа замынхаа голоос буцах гэж байгаа юм байна гэсэн хардлага байна. Нийгмийн сэтгэл зүй, хэвлэл мэдээлэлийнхэн ийм хоёр чиглэлээр явж байх шиг байна. Миний хувьд Засгийн газар эхлүүлсэн ажлаа эцсийг нь хүртэл хийгээсэй, үр дүнг нь үзээсэй гэж бодож байгаа. Түүнээс биш Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшинд хортой бодис хийж ард түмнээ хорлох гээд байгаа юм юу л бол. Бас нэг залуугийн бичсэн зүйл  нүүр номд өчигдөр нэлээд чирэгдэх шиг боллоо “Яндангаа хаагаагүйгээс  бид  хордож үхэж байгаа юм биш үү” гэж. Яндангаар утаа нь гараад явбал агаарт хүчилтөрөгчтэй нийлээд нүүрсхүчлийн хий болоод замхраад явчихдаг зүйл шүү дээ, юун хүн хордох вэ. Замаар явж байгаа энэ олон автомашиныг хучлагаар бүтээгээд дотор нь ороод суучихвал хордоод үхнэ. Түүнтэй л адил.  Тэгэхээр угаар гэж нэгэнт оношлогдсон бол тэр нь хүний буруутай үйлдэл, технологийн юм уу горимын л алдаа байгаа.

-Тийм байж, тэгвэл яагаад олон хүн угаарын хийд  хордчихов оо. 28 хүн шүү дээ?

-Наадахад чинь хариулахын өмнө нэг жишээ хэлье. Намайг жаахан байхад монголчууд нүүрс түлдэггүй байсан. Монголчууд пийшинтэй болсны дараа нүүрс түлдэг болсон. Тэр үед ч гэсэн  олон хүн угаартаж, зарим нь нас барсан тохиолдол бий. Яагаад гэвэл өмнөх технологио хадгалаад байна шүү дээ, заг шиг эсвэл хөрзөн шиг хурдан шатаад дуусчихна гэж бодоод өрхөө бүтээчихдэг. Тэгэхээр магадгүй бидний сэтгэхүйд байдаг, түүхий нүүрстэйгээ адил санаад пийшингээ нээж харчихаад харагдах юмгүй шатаад үнс болсон юм шиг  байхаар нь илчийг нь хадгалъя гээд  зуухныхаа хаалтыг багасгах юм уу хаачихдаг, ийм горимын алдаа байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, өөрийн чинь сая хэлсэн   28 хүн  хэдэн бүлэг айлынх вэ гэдэг талаар надад мэдээлэл алга. Нэг айлын 6-7 хүн угаартсан юм уу, 28 айлынх юм уу. Намайг бага  байхад манай аймагт  нэг айлын долоон  хүн угаартсан золгүй тохиолдол гарч байлаа. Магадгүй түлш дутуу шатсан байхад хүүхэд нь зуухны хаалтаа хаасан  байх ч юм уу, иймэрхүү золгүй тохиол уу, эсвэл санамсаргүй байдлаар нийслэлийн энд тэндээс угаартсан иргэд бүртгэгдээд байна уу гэдгийг ялгаж, салгаж авч үзэх хэрэгтэй. Бас нэг асуудал нь, үнэхээр түлшинд учир байгаа бол угаартаж байгаа процесс тасралтгүй байх ёстой.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Жишээ нь, шахмал түлшинд учир байгаа бол түүнийг  түлж эхэлсэн үеэс  хордлого, угаарталт тасралтгүй  гарах ёстой. Тэр нь одоо ч үргэлжилж байх ёстой. Дээр нь нийгмийн хамгийн эмзэг мэдрэмтгий хэсэг болох өндөр настан, нялх хүүхдүүдэд хамгийн түрүүнд мэдрэгдэх ёстой. Эмнэлэг, биологийн талаас ийм гурван шинж тэмдэг хамгийн түрүүнд  илрэх ёстой. Гэтэл өнөөдөр дуулдаж байгаа мэдээллүүдээс  харахад угаартсан хүмүүс дотор залуу хүн ч байна, өндөр настан ч байна. Тэр байтугай наслалтаас хамаарахгүй дэлхийн  соронзон орны нөлөөлөлд ч хэт мэдрэг хүмүүс бий. Ийм хүн байв  уу гэтэл үгүй байна. Нөгөө талаар угаартаж хордсон байдалд тасралтгүй шинж ажиглагдахгүй байна..Нэг удаагийн юм уу, хоёр удаагийн тохиолдлоор ийм болсон бололтой. Тэгэхээр хөндлөнгийн ажиглагчийн хувиар хэлэхэд яг шахмал түлшнээс болж хорджээ гэх үндэслэл алга. Эсвэл шахмал түлштэй өөр түлш хольж түлсэн ч юм уу, бид мэдэхгүй. Өмнө нь бид нүүрс түлж л байсан, нүүрсээ усаар угаагаад шавартай холиод шахмал түлш болгочихоор хорддог гэж ойлговол  арай л юм даа.

-Нүүрсний утаа  ил харагддаг,  шахмал түлшнийх ил харагддаггүй, тиймээс маш хортой. Тиймээс айл болгон гэртээ угаарын хий  мэдрэгчтэй байх хэрэгтэй гэсэн мэдээлэл гарлаа. Зарим  нь хүн бүр анагаах ухааны өндөр мэдлэгтэй  байхыг уриаллаа.  Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манайхан маш туйлшрамтгай. Тэрийг дагуулж  бизнес хийх гэсэн хүмүүс их байна. Би л лав байшинд амьдрахаас өмнө гэр хороололд 20-30 жил гал түлж амьдарсан. Тэгэхэд нүүрс түлж л байсан. Улаанбаатар биш улс даяараа нүүрс түлж байсан. Тэр үед утаа мэдрэгч байгаагүй. Тэгэхээр утаа мэдрэгч гэртээ тавина гэдэг илүү зардал гэж бодож байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар муудчихсан л даа. Түүнээс дунд сургуулийн зургадугаар ангийн химийн хичээлийн эхэнд заадаг байх шүү, нүүрсхүчлийн хий СО2 ямар шинж чанартай, хордсон тохиолдолд  ямар шинж тэмдэг илэрдэг талаар. Ийм  байхад АНУ-аас утаа мэдэрдэг багаж төхөөрөмж авчирна гэх нь сайжруулсан зуухтай болгоно гэдэг шиг нэг нөхрийн бизнес хийх асуудал  байх.

-Нүүрсхүчлийн дан болон давхар исэл гэж яриад байгаа. Ялгааг нь тайлбарлаж өгөхгүй юу?

-СО, СО2  гэж ярьж байгаа. СО нь нүүрсхүчлийн дан исэл, СО2 нь давхар исэл буюу нүүрсхүчлийн хий. Энд хүчилтөрөгчийн нэг атом дутуу, битүү орчинд хүний биед шингэж, өөрөөр хэлбэл  хүний биед байх хүчилтөрөгчийг авчихаад байдаг учраас хортой. Түүнээс агаарт бол задгай орчинд хүний биед хоргүй СО буюу нүүрсхүчлийн хий болоод явчихна. Яндангийн хаалтаа хамаагүй хааж болохгүй, галаа шалгахгүйгээр өрхөө бүтээж болохгүй гэдэг энгийн ойлголт, хүн болгоны  мэдэж байх  наад захын зүйл. Дулаан гараашгүй байх үед машинаа халааж байх үед угаартахаас сэргийлж  янданг нь сөхөж гаргаж байгаад утааг нь гадагш гаргадаг байсан, түүнтэй л адил. Нүүрсхүчлийн хий хүний нүдэнд үздэгдэхгүй, тиймээс би ялгаж хэлээд байна шүү дээ. Энэ байдгаараа л байна. Гол анхаарал тавиад байгаа асуудал бол  зөвхөн нүүрсхүчлийн хий ч биш PM 1.5, РМ  2.5 гэх тортогийг хэлээд байгаа. Түүнээс биш бид гал түлж л байгаа бол нүүрсхүчлийн хий гаргахгүйгээр шатах процесс гэж байхгүй. Тэгэхээр нүдэнд харагдахгүй учраас хордчихлоо гэдэг бол дунд сургуулийн химийн мэдлэггүй хүний үг. Утаа, тортог хоёр ялгаатай.

-Шахмал түлшний   бүтэц найрлагыг тодорхой зарлаж, яаж түлэх талаар  санамж, зааварчилгаа өгөөгүй  нь алдаанд хүргэсэн гэж хэлж болох уу?

-Анхнаасаа ойлгомжтой хэлээд  байсан шүү дээ. Энэ бол шаталт удаантай, илч сайтай гээд. Би бол хэлээд, мэдээлээд байна гэж ойлгосон. Ханатал  ярьсан шүү дээ, удаан шатдаг, илчтэй юм байна гэж.  Илчээ удаан хадгална гэдэг шаталт дууссан гэж харагдаж байгаа болохоос  дулаанаа бариад шаталт явагдаад байгаа гэсэн үг. Тиймээс түүхий нүүрс шиг шатаад дууслаа гээд хуучин шигээ  яндангийн хаалтаа пагхийтэл хаачихна гэсэн ойлголт биш. Санамж, зааварчилгааны хувьд тэр  улаан алаг уутан дээр нь “сайжруулсан сайн түлш” гэж бичихийн оронд шаталт удаантай учраас та бүхэн яндангийнхаа хаалтыг хааж, багасгаж болохгүй шүү, хуучин нүүрстэй адил, эсвэл модтой адил шатаад дуусчихдаггүй гээд бичиж болох юм. Илчээ удаан хадгалж байна гэдэг бол найрлаганд нь шавар орсных, тиймээс дулаанаа удаан барина. Нөгөө талаар, шаталт нь бүрэн явагдаж дуусаагүй байна гэсэн үг.

-Шахмал түлш үнс ихтэй, дэмий хог  байна гэж хэлэх хүн ч байна?

- Үнс ихтэй байх нь аргагүй. Нягт нь түүхий  нүүрснээс хамаагүй илүү шүү дээ, шахмал түлш учраас. Нүүрс сэвсгэр учраас шатаад дуусахад нүүрс бага гарна. Шахмал түлш бол шатаад дуусахад бараг тэр хэмжээгээрээ л гарна. Яагаад гэвэл шавар шатахгүй. Шахмал түлшийг судалж байхад  зарим улс оронд шахмал түлшийг дөрвөлжин хэлбэртэй хийгээд шатаад дууссаных нь дараа хаягдлаар нь явган хүний зам хийх зэргээр дахин ашигладаг юм билээ. Өөрөөр хэлбэл, тоосго шатаахтай адил. Манайд ч гэсэн шахмал түлшний жижиг бөөрөнхийг нь дахин ашиглахад болохгүй юм үгүй. Энэ бол нэг сумаар хоёр туулхйа буудахтай л  адил. Түлш болгож дулаан хангахад ашиглаад эцэст нь тоосго гаргаад авчихаж байна шүү дээ. Гэхдээ энэ бол шаварны орцоос хамаарна. Дээр нь нэмж хэлэхэд бид тортгоо багасгах  хэрэгтэй  болохоос үнсний их байх  чухал биш. Хог  гарлаа гэж бухимдах  ч хэрэггүй, угаасаа үнс их гарна. Бас түүхий нүүрс шиг дээр дээрээс нь хувин хувингаар  овоолоод байх ёсгүй. Нэг хувин шахмал түлш, хоёр хувин нүүрсний хэмжээний илчлэгтэй байх, дулаанаа удаан хадгалдаг учраас. Тэгэхээр уламжлалт түлш, түүхий нүүрстэй харьцдаг шигээ байж таарахгүй л дээ.

Ч.Үл-Олдох