<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Ц.Гарамжав: Тавантолгойн IPO-гоос олох орлого дэндүү бага байна
featured

Ц.Гарамжав: Тавантолгойн IPO-гоос олох орлого дэндүү бага байна

 Монгол-Германы эдийн засгийн чуулган “Эдийн засгийн өдөр” нэртэйгээр өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд боллоо. Чуулганд Конрад-Аденауер сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Брэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож манай улсад айлчилж буй тус улсын Бундестагийн гишүүн Др.Стефан Кауфманн “Инновац болон судалгааг төрөөс дэмжих нь” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр Монгол, Германы эдийн засгийн харилцааг хөгжүүлэх орон зай байгааг онцолж байлаа. “Герман улс ДНБ-ийхээ гурван хувийг инновац болон судалгаа шинжилгээнд зарцуулдаг. Энэ үзүүлэлтийг 2025 онд 3.5 хувь болгохоор зорьж байна. Монгол Улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ийхээ 0.2 хувийг зарцуулдаг гэсэн. Тэгэхээр цаашдаа Монгол Улс энэ чиглэлд анхаарч, хөгжүүлэх илүү боломж байна гэж үзэж байна.

Германы томоохон компаниуд аж үйлдвэрлэлийн дараагийн шатанд орохоор ажиллаж байна. Өнгөрсөн жил Засгийн газраас боловсролын салбарт таван тэрбум еврогийн төсөв гаргаж, сургуулиудад дижитал боловсролыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр багшлах мэргэжилтнийг төрөөс бэлтгэж байгаа. Бидний анхаарч буй чиглэл бол хиймэл оюун ухаан. Энэ нь эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх салбар болох учраас 100 гаруй багшийг бэлтгэж байна” гэсэн юм.

Чуулганы үеэр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлвийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм. Түүний илтгэлд “Монгол Улсын экспортын барааг бүлгээр нь хуваарилахад 86.6 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна .Манай бүтээгдэхүүний гол худалдан авагч улс бол БНХАУ юм. Харин Европын орнууд 4.7 хувийг, Европын холбооны гишүүн улсууд 3.1 хувийг худалдан авдаг” гэж байв.

 Чуулганд оролцогчид “Дижиталчлал, автоматжуулалт болон аж үйлдвэрийн 4-р хувьсгал” сэдвийн хүрээнд илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Шинэ бүтээл инновац болон судалгааг төр засгаас дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв, хөгжиж буй орон дахь цахимжуулалт, хиймэл оюун ухааны ач холбогдлыг гаргана. Дижитал технологи нь хоёр орны эдийн засгийн харилцааны боломж болох юм гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

 Чуулганы талаар Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ребекка Шмүйкинг, “Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол-Германы бизнес эрхлэгчид шинэ мэдээлэл олж авч, хамтран ажиллах ямар боломж нөхцөл байгааг олж харах байх. Манай хоёр улс хамтарч, уул уурхайн салбарт нэлээд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын чиглэлээр техник технологиудын тусламжийг оруулж ирж байгаа” гэв.

  Чуулганд илтгэл тавьсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай цөөн хором ярилцсаныг толилуулья.

-Герман, Монголын хамтарсан эдийн засгийн чуулган болж байна. Чуулганы ач холбогдлыг та юу гэж харж байна?

-Монгол, Герман хоёр улс димломат харилцаатай болоод олон жил болж байгаа. Манай гол дэмжигч, хөрөнгө оруулагч улсын нэг. Германтай Монгол Улс шинжлэх ухаан, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагаатай. Тэр дундаа боловсролын салбарыг маш их дэмждэг. Хөрөнгө оруулалт ч их хийдэг. Сүүлийн үед манай улсын төрийн тэргүүнүүд Германы удирдагчидтай удаа дараа уулзаж, уул уурхайн салбарт орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Хэрэгжилтийн шатандаа явж байна. Жишээлбэл, Герман,  Монголын хамтарсан Техник, технологийн дээд сургуулийг барьсан. Монгол Улсын хөгжилд маш их анхаардаг.

Том төслүүдийг хэрэгжүүлбэл уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш боловсруулах боломжтой болно. Хэрхэн байгальд ээлтэй шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлж хэрэгжүүлэх вэ гэдэгт Германы Засгийн газрын бодлого чиглэж эхэлсэн. Тодорхой хэмжээгээр шүү. Ялангуяа Таван толгойд түшиглэсэн хий, газ гаргах үйлдвэр байна. Нүүр боловсруулах үйлдвэрүүд  ч байгаа. Ойрын жилүүдэд Германтай хамтарсан энэ мэт олон төсөл хэрэгжиж эхлэх байх. Энэ бүхэнд түлхэц болохуйц чуулга уулзалт болж байгаагаараа ач холбогдолтой.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг хийж эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтаар ч гэсэн энэ сэдвийг ярьж байна. Манай улсад Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын салхи бага ч болов үлээх боломж байна уу?

-Монгол Улс дэлхийн хөгжлөөс тэгтлээ хоцроогүй гэж би боддог. Техник технологи, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, хиймэл оюун ухаанд чиглэсэн эрдэм шинжилгээний томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Залуучууд шинэ технологийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа учраас шинжлэх ухаан, техникийн санг өргөтгөж, хөрөнгө оруулалтынх нь хэмжээг нэмэгдүүлсэн. Судалгаа хийнэ, хамтарсан төслүүдээ хэрэгжүүлж болно, бусад улсаас хол хаягдаад байх юм байхгүй. Жишээлбэл, цахим ертөнц гэхэд л Монголд богино хугацаанд нэвтрээд, дэлхийн оюунлаг залуустай адилхан л программ хийж байна. Компьютерийг сэлбэгийг нь авчраад угсарч чадаж байгаа. Тэр битгий хэл хиймэл оюун ухааны салбарт ч судалгаа хийгээд, ажил эхэлчихсэн байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжийг Германы эрдэмтэд, судлаачидтай ярилцаж байгаа байх.

-Та түүхий эд экпортлогч орноос үйлдвэрлэгч улс руу шилжих сэдвээр илтгэл тавилаа. Энэ шилжилтэд хиймэл оюун ухаан, дэвшилтэд технологи маш их нөлөөтэй байх?

-Маш их нөлөөтэй. Түүхий эдээ түүхийгээр нь гаргана гэдэг ашиг багатай. Бид түүхий нүүрсээ 60-хан ам.доллараар гаргаж байна, нэг тонныг нь. Боловсруулаад гаргавал өөр шүү дээ. Үйлдвэрээр оруулаад, кокс болгоод зарвал 150-200 ам.доллараар зарна. 3-4 дахин ашигтай гэсэн үг. Олон тэрбум тонноос маш өндөр ашгийг эдийн засагтаа оруулж чадна. Боловсруулж гаргана гэдэг манай улсын нэн тэргүүний зорилт байх ёстой. Түүнийгээ дагаад хэчнээн үйлдвэр бий болох билээ. Цагаан идээ боловсруулахад хүртэл ажлын байр бий болно, нэмүү өртөг шингэнэ. 10 хүнтэй үйлдвэр байхад тэр тооны хүн цалинтай болно, технологи сурна. Аж үйлдвэр гэдэг ийм л өндөр ач холбогдолтой.

Бид социализмын үед бүх зүйлээ хийж чаддаг байсан. Гутлаа хийгээд өмсчихнө, бүх төрлийн тариагаа тарьдаг байлаа. Эрдэнэ шиш, овъёос, малын тэжээл гээд л. Одоо байхгүй. Энэ бүхнээ хийж чадвал бид барагтай эдийн засгийн хямралд ганхахгүй. Жижиг, дунд үйлдвэр хөгжсөн улс эдийн засгийн хямрал гэдгийг мэддэггүй. Жишээлбэл, Герман эдийн засгийн хямралыг мэдэрдэггүй. Жижиг, дунд үйлдвэрлэл асар өндөр хөгжчихсөн. Гутал, давуу, шаазан ваар гээд бүхий л зүйлийг хийж байна. Гэртээ  ноосон даавуу үйлдвэрлэдэг хүн олон. Тиймээс гаднаас даавуу худалдаж авдаггүй. Манай улс бол бүхий л зүйлээ гадаадаас авдаг. Ингэж болохгүй, аль болох л өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна.

-Тавантолгойн IPO-г та юу гэж харж байна. Энэ ажил бүтвэл цахилгаан станцаас эхлээд хийн түлш боловсруулах үйлдвэр барих боломжтой. Аж үйлдвэр барих боломж байна гэсэн үг биз дээ?

-IPO  хийх нь зөв. Харин тооцоолол нь буруу юм шиг надад санагдаад байгаа. Тавантолгойн 30 хувийг барьцаалаад IPO  гаргана. Тэгээд 3, 4-хөн тэрбум ам.доллар олно гэвэл дэндүү бага юм шиг санагдсан. Тиймээс дахин судалж, ул үндэстэйгээр, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдээр тооцооллоо хийлгэх хэрэгтэй. Маш том IPO шүү дээ.

-Та сая Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлвийн талаар зарим зүйлийг ярилаа. Сангийн сайд ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийхдээ 13 их наяд төгрөгийн орлого олно гэж ярьсан. Ийм их мөнгө олох боломж байгаа юу. Та юу гэж харж байна?

-Боломж байгаа гэж бодож байна. Би Сангийн яам, салбарын сайдад итгэж байгаа. Ч.Хүрэлбаатар сайд санхүү, эдийн засгийн арвин туршлагатай. Өнгөрсөн гурван жилийн төсвийг харахад, төсөөлөл нь байндаа туссан. Ирэх оны төсвийг улс орныхоо өнгөрсөн гурван жилийн нийгэм, эдийн засгийн өсөлтөд тулгуурлаж хийсэн гэж ойлгож байгаа. Тиймээс биелэх бүрэн боломжтой.