<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Шударга бусын хонгилын автор Н.Алтанхуяг “Хаан жимс”-дээ хүүгүй зээл авч, худал ярьсныг шүүх тогтоожээ
featured

Шударга бусын хонгилын автор Н.Алтанхуяг “Хаан жимс”-дээ хүүгүй зээл авч, худал ярьсныг шүүх тогтоожээ

 Засгийн газар 27 тусгай сангаас зээл авч, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хүмүүсийн нэгд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэрлээсэн байсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлгэгдсэн энэ баримтад иргэд таатай хандаагүй бол нэр холбогдсон этгээд Н.Алтанхуяг хэтэрхий гэмээр эмзэглэж байсан юм.

Ингээд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүр дуулиантай мэдэгдэл хийж, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон “Би зээл аваагүй” хэмээн мэлзэж байв. Үүнийхээ дараа тэр мэдээллийг сөхөн хөндсөн сэтгүүлчийг шүүхэд өгсөн бөгөөд зарга бүтэн 10 сар үргэлжилж, анхан шатны шүүхийн шийдвэр 2019.09.20-нд гарчээ.

Н.Алтанхуяг нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн хувийн Хаан жимс компанидаа хүүгүй зээл авсан болохыг шүүх баримт түшин нотолжээ.

“Хаан жимс Эс Би Ти” ХХК 2013 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас чацаргана тарих нэрийн дор хүүгүй зээл авсан. Энэ хугацаа бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан цаг үетэй давхацаж байгаа. Ингэснээрээ юм юмаараа анхдагч хэмээн өөрийгөө рекламддаг экс Ерөнхий сайд улсынхаа төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлсэн анхны Ерөнхий сайд болоод байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд хүн Тусгай сангуудаас нэг сая төгрөг авсан ч энэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ёс зүйгүй хэрэгт тооцогдоно. Гэвч манай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зээл аваагүй гэж улаан цайм худлаа ярьж, ард иргэдийн тархийг угааж, өөрийгөө өмгөөлж чадсан юм.

Шүүх харин Н.Алтанхуягийн багийг тайлж, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 150 сая төгрөгийн хүүгүй зээл авсан болохыг тогтоож, Н.Алтанхуяг худлаа ярьсан гэдгийг тогтоожээ. Н.Алтанхуяг гэдэг хүний нэр Монгол Улсын 30 жилийн улс төрд тод мөрөө үлдээсэн нэгэн. Тэр энэ хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд гэх мэт албан тушаалыг хашиж байсан.

Цэнхэр дэлгэцийн өмнө нэгхэн цаг суухдаа өөрийн булхайтай үйлдэл, албан тушаалаа ашигласан, хувийн компаниа улсын санхүүжилтээр дэмжсэн гэдгээ тас нууж, иргэдийг худлаа мэдээллээр төөрүүлэх үйлдэл хийснийг шүүх илчилж, багийг нь тайлаад тавьчихав. Өөрийн гэмээ улайн цайм хамгаалж чаддаг энэ хүн харин 30 жил ард иргэдэд юу гэж худлаа ярьсан байдаг бол…

Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес. Нийслэлийг тойрсон багахан ногоон бүсэд эзэн суугаад, түүн дээрээ татвар төлөгч ард түмнийхээ мөнгөөр бизнесээ цэцэглүүлж байгаа чинь хэр зэрэг шударга хэрэг вэ гэдэг асуудлыг сөхөн хөндсөн сэтгүүлч бол Д.Оюун-Эрдэнэ.

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагналтан, нэг ч удаа шүүх, цагдаад дуудагдаж байгаагүй түүнийг Н.Алтанхуяг шүүхэд өгч, маргаан үүсгэснээр өөр багагүй дуулиан дэгдээх баримтууд шүүх дээр очжээ. Нэг үеэ бодвол шүүгчид шударга ажиллаж эхэлсэн бололтой. Баримт нь байвал шүүхийн өмнө өөрийн бичсэн баримтаа хамгаалаад гарах боломж бийг Д.Оюун-Эрдэнийн шүүх хурал нотолж өгөөд байна.

Эх сурвалж:Updown.mn