<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Харьцуулсан боловсрол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна
featured

Харьцуулсан боловсрол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхим болон дидактикийн багш нарын санаачлагаар харьцуулсан боловсрол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал “Боловсрол судлалын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус олон улсын хурлын зорилго нь боловсрол судлал, хичээл заах арга зүй зэрэг сэдвээр судалгааны үр дүнгээ олон улсын судлаач, багш нарт танилцуулах, харилцан туршлага судлахад оршино. Хуралд Япон улсын Канзай их сургууль, Кюшү их сургууль, Осака их сургууль, Цукуба их сургууль, Васеда их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, АНУ-ын Баруун Вашингтоны их сургууль болон МУИС-ийн багш нар илтгэл тавьж оролцлоо.

Хуралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн профессор Б.Туяа нар хүрэлцэн ирж, нээлтийн үг хэлсэн юм. МУИС-ийн багш нар Монголын боловсрол судлалын нөхцөл байдал, монгол хэлний заах арга зүйн онцлог болон тестийн үнэлгээний аргачлалын найдварт чанарыг сайжруулах асуудлаарх сүүлийн үед хийж буй судалгааны үр дүнгээ танилцуулж, илтгэл тавьсан.

Япон улсын судлаач багш нар Японы боловсролын нөхцөл байдал, мэдээлэл харилцааны технологийг сургалтын орчинд хэрэглэж буй туршлага, дунд ангийн сурагчдын бие даан суралцах арга барилыг сайжруулах талаарх олон улсад хийсэн судалгааны үр дүнг тус тус танилцууллаа. Харин Өвөр монголын багшийн сургуулийн багш нар химийн хичээлийн хөтөлбөрт соёлын онцлогийг тусгасан туршлагаа хуваалцсан бол Баруун Вашингтоны их сургуулийн багш нар монголын ЕБС-ийн харилцааны уур амьсгалын талаар хийж буй судалгааны үр дүнгээсээ танилцууллаа. Эдгээр илтгэлүүдээс мэдээлэл харилцааны технологийг сургалтын орчинд хэрэглэж буй Япон улсын туршлага, химийн хичээлийн хөтөлбөрт соёлын онцлогийг тусгасан Өвөр Монголын багш нарын туршлага хуралд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв.