<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Нэг алх БАТБОЛД эмч, дахиад нэг алх ДЭЛХИЙН СТАНДАРТ
featured

Нэг алх БАТБОЛД эмч, дахиад нэг алх ДЭЛХИЙН СТАНДАРТ

Б.ЕРЭНТЭЙ

Эхийн ач хэмжээлшгүй. Харин хүмүүст ээжийнх нь дараа орох ачтан хэн бэ?

Монголын радио, Монгол телевизийн “ММ” агентлаг, өдөр тутмын “Зууны мэдээ” сонин хамтран 2000 онд орон даяар “XX зууны манлай ачтан”-ыг тодруулах санал асуулга явуулсан. Хоёр долоо хоног үргэлжилсэн санал асуулгын дүнд Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Т.Шагдарсүрэн шалгарсан юм. Ард түмэн “Зууны ачтан” хэмээн үнэлсэн энэ эрхэм Монголын анагаах ухааны салбарт цээжний хөндийн мэс заслын ажилбарыг хөгжүүлж, улаан хоолой, ходоод, уушгины өмөн, элгэний өвчинтэй хүнд анх удаа мэс заслын эмчилгээ хийж нарийн гэдсээр эрхтэн нөхөх аргыг практикт нэвтрүүлсэн. Академич Т.Шагдарсүрэн эмчийн өвчтөний хэвлийн хөндийд гардан хийсэн хагалгааны нийт тоо нь 2000-д хүрдэг. Харин тэрбээр, манай эмч нараас монгол хүний зүрхэнд анх удаа 1957 онд мэс хүргэж өвчтөнийг анагаасан бөгөөд зүрх судасны нийт 1000 хагалгаанд шавь нараа удирдан орсон байна. “XX зууны манлай ачтан” Т.Шагдарсүрэнгээр ахлуулсан Зүрх судасны мэс заслын анхны алба одоогоос 50 жилийн өмнө 1969 онд үүд хаалгаа нээсэн түүхтэй. Академич Т.Шагдарсүрэнг гадаад, дотоодод “зүрхний” гэсэн тодотгол хэрэглэн нэрлэдэг байсан нь Монголын анагаах ухааны салбарт ямар тод гавьяа байгуулсан эмч вэ гэдгийг батламжлан хүндэтгэж байсны илэрхийлэл юм. XX зуун нь манай зүрхний төдийгүй бусад мэргэжлийн эмч нарын хувьд социалист орнуудын хэмжээнд онол, практикийн арга туршлага солилцдог, суралцдаг өөрөөр хэлбэл, европ стандартад хайрцаглагдсан цаг үе байлаа.

1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар, шинэ XXI зууны эхнээс Монголын анагаах ухаан европ стандартаас цааш алхаж дэлхийн стандартад хөл тавих боломж бүрдсэн. Энэ нь “Өглөө” кинонд “Нэг алх хөгшин Европ, дахиад нэг алх нүдний чинь ялгаа арилна” гэж хэлдэгтэй агаар нэгэн үйл явдал юм. Зүрхний Т.Шагдарсүрэн эмчийн отгон шавь нарын нэг, Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын клиникийн эрхлэгч, дотрын зөвлөх эмч Б.Батболдыг дэлхийн стандарт руу Монголын зүрхний эмч нарыг түүчээлж яваа нэгэн гэж эрдэмтэн, мэргэд онцгойлон үнэлж байна. Энэ үнэлгээг тэрбээр Америкийн алдартай эрдэмтэн, зүрхний эмч Дэйл Дубиний “Зүрхний цахилгаан бичлэг” номын дөрөв дэх хувилбарын хэвлэлтийг 2001 онд, уг бүтээлийн нэмж тодотгосон зургаа дахь хувилбарын хэвлэлт “Зүрхний цахилгаан бичлэгийг түргэн тайлахуй”- г 2017 онд, мөн доктор Барни Марриотын “Өдөр бүр хийгдэх зүрхний цахилгаан бичлэг” номын 12 дахь хувилбар хэвлэлтийг (Дэвид Штраус хамтын зохиогчоор ажилласан) 2016 онд тус тус англиас монгол хэлнээ хөрвүүлсний учир хүртэж буй.

Дэйл Дубиний ном нь анх 1967 онд уншигчдын гар дээр очсон бөгөөд  Б.Батболд эмчийг зохиогчоос албан ёсны зөвшөөрөл авч орчуулах үед дэлхийн 46 орны хэлээр, нийт 76 удаа хэвлэсэн байжээ. Д.Дубин өөрийнх нь номыг монгол хэлнээ хөрвүүлсэн Б.Батболдод туйлын талархалтай хандаж буйгаа илэрхийлж, улмаар түүний хүсэлтээр манай уншигчдад хандаж тотго үг бичсэн.

 

Тэрбээр үүндээ “Сурах бичгээ Монголын эмч нар, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хуваалцах эрхэм хүндтэй завшаан олдсонд туйлаас талархаж байна. Энэ ном хагас зуун жилийн турш дэлхийн ихэнх улс орны эмч нар, эмнэлэгийн ажилтнууд өөр өөрийн эх хэлээр унших гарын авлага болж, хүний амь нас хамгаалах, мэдлэг олж авч буй зүрхний цахилгаан бичлэгийн талаарх дэлхий дахинаа хамгийн өргөн дэлгэр тархсан, хамгийн олон удаа ишлэл болгон хэрэглэсээр ирсэн бүтээл юм... Миний бие Монголын олон түмний эрүүл мэндийг бэхжүүлэх, урт удаан амьдралын чанарыг сайжруулахад ямар нэгэн нарийн шижмээр ч гэсэн хувь нэмэр болж буйдаа сэтгэл тун тааламжтай байна. Эрүүл саруул ирээдүйг хүсэн ерөөж мэндчилсэн: Dale Dublin, MD” гэжээ.

Доктор Барни Марриот “Өдөр бүр хийгдэх зүрхний цахилгаан бичлэг” номоо 1954 онд анх гаргасан бөгөөд хэрвээ та хуудсыг сөхөх аваас өөртэй чинь харилцан ярилцаж буй мэт сэтгэгдэл төрөхөөр бичсэн нь зүрхний цахилгаан бичлэгийг дүгнэж сурахыг хүсч буй хүн бүрт ойлгоход маш дөхөмтэй болгожээ. Тэрбээр нэмж тодотгосон эхний найман хувилбар хэвлэлтдээ зохиогчоор ганцаараа ажилласан. Харин тус номын ес дэх хувилбар хэвлэлтээс Гален Вагнер, 12 дахь хувилбар хэвлэлтээс Давид Штраус хамтын зохиогчоор оролцсон. “Өдөр бүр хийгдэх зүрхний цахилгаан бичлэг” номын хувилбар хэвлэлтийн арав дахид шинэ жишээнүүд нэмсэн, арваннэг дэхэд шинэ бичвэр, зураг нэмж DVD хавсаргасан бол Б.Батболд эмчийн орчуулсан 12 дахь хувилбар хэвлэлт нь доктор Барни Марриотын баримталдаг байсан үндсэн зарчим болох зүрхний цахилгаан бичлэгийг энгийнээр тайлбарлахыг зорьсон төдийгүй “Гурван хэмжээст зүрхний цахилгаан бичлэг”, “Удамшлын шалтгаант хэм алдагдлууд” гэсэн хоёр бүлэг нэмэгдсэнээрээ онцлог ажээ.

Анагаахын шинжлэх ухааны доктор, академич Ц.Лхагвасүрэн “Манай эмч мэргэжилтнүүд Б.Батболд эмчийн адилаар өөрсдийнхөө мэргэжлийн ном хэвлэлүүдээс эх хэлнээ хөрвүүлэн мэдлэгийг түгээх ажлыг өргөнөөр хийгүүштэй санагдана. Учир нь, манай улсад шинжлэх ухааны нарийн салбаруудын хувьд сайн ном, сурах бичиг бүтээнэ гэдэг бол одоохондоо туйлын амаргүй асуудал тул харин сайн бүтээлийг чанартай хөрвүүлэн ашиглах нь илүү оновчтой санагддаг юм. Үүний сонгодог жишээ бол Зүрхний цахилгаан бичлэгийн тухай эх хэлнээ хөрвүүлсэн эдгээр ном болно” хэмээн дүгнэсэнтэй маш олон хүн санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Уншигч та бүхэнд дэлхийн стандартын номын дуун хөрвүүлэгч, зүрх судасны зөвлөх эмч Б.БАТБОЛДТОЙ хийсэн ярилцлагаа толилуулъя.

 Эрчүүд төмөрт идүүлж зэвэрч байна

-Танай тасагт сонирхолтой нэг судалгаа хийсэн гэж сонслоо. Төмрийн дутагдал гэж сонсч байснаас хүнд төмөр илүүддэг гэж сонсоогүй юм байна?

-Бид саяхан нэг судалгаа хийлгэлээ. Улсын клиникийн төв эмнэлэг (УКТЭ)-ийн зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд ферритин /ferritin/-ийг үзүүлсэн чинь хэмжээ маш өндөр гарч байна. Энэ уураг ихэснэ гэдэг нь бүх эд эрхтнийг гэмтээдэг. Төмөр илүүдлийн өвчин гэсэн үг. Энэ асуудал эрчүүдэд илүү хамаатай. Төмөр бол бодисын солилцооны маш чухал үүрэгтэй. Ялангуяа цусны улаан эс, цусны гем гэдэгт оролцдог. Төмөр багадаад ирвэл цус багаддаг. Төмөр ихэдвэл бас аюултай. Цус өтгөрөөд, эд эрхтнүүдэд төмөр суугаад ирдэг. Ийм байдалд хүрэхээр энгийнээр хэлбэл эд эрхтнийг зэврүүлж эхэлдэг. Төмөр өөрөө маш исэлдэмтгий бодис гэдгийг бүгд мэднэ. Аливаа төмөр бол ямар ч нөхцөлд байсан исэлдэлтэд орж, амархан зэвэрдэг. Тэрэнтэй адилхан организм, эд эсэд эсэд суугаад ирвэл эрхтнээ гэмтээж сүйтгээд эхэлдэг.

-Ферритин гэж чухам юу юм бэ. Бодис уу, элемент үү. Энэ талаар тодорхой тайлбарлаад өгөөч?

-Ферритин гэж цусан дахь төмөр агуулдаг уураг л даа. Төмөр бол цусанд тодорхой концентрацитай байж байдаг. Харин илүүдвэл ферритин хэмээх агуулах руугаа чихээд байдаг. Өөрөөр хэлбэл, ферритин илүүдэл төмрийг өөртөө шингээгээд агуулаад байж байдаг. Тиймээс ферритинийг төмрийн агуулах гэж ч ярьдаг. Ферритин төмөр ихсэлтийг илэрхийлдэг. Энгийн аргаар цусан дахь төмрийг үзэхээр төмөр гайгүй юм шиг харагдаад байдаг. Гэтэл цаана нь ферритин буюу төмөр агуулдаг бодис нь маш өндөр болсныг тэр бүр мэддэггүй. Өмнө нь онолын хувьд энэ уургийн талаар мэддэг байснаас өдөр тутмын шаардлага, хэрэгцээ гэж үздэггүй байв. Ер нь бол төмөр ихдэлтийг өмнө нь манайх ярьдаггүй, оношилдоггүй байсан. Тэгээд саяхнаас боломж гараад, сүүлийн хоёр жилд манай лабораторид үзээд эхэлсэн чинь монгол эрчүүдэд ферритин маш өндөр гарч байна. Уг нь хэвийн үед 50-200 ng/ml байх ёстой. Тэгтэл манайханд хамаагүй өндөр, хоёр, гурав дахин их байгаад байна. Би бараг Монголд шинээр нээлт хийчихлээ гэж бодоод байгаа. Ферритиний асуудал Монголд судлагдаагүй, нэг их олон ч яригдаагүй. Ер нь бол бусад оронд төмөр илүүдэл, ферритиний асуудлыг одоо маш их бичдэг болсон.

-Тэгээд үүний үр дагавар нь чухам яг юу юм бэ?

-Төмрийн илүүдэл хамгийн түрүүнд элэг, зүрх, уушгинд нөлөөлдөг. Улмаар бүх эрхтэнд төмөр суугаад, эд эсийг гэмтээн, энгийнээр хэлэхэд, зэврүүлээд эхэлж байгаа юм. Элэгний тухайд бол элэгний хавдруудыг үүсгэдэг. Зүрхэнд бол зүрхний кардиопати буюу зүрхний булчингийн сулрал, хатуурал, ажиллагаагүй байдлыг үүсгэдэг. Мөн чихрийн шижин үүсгэж болно.

-Шинж тэмдэг нь хэрхэн илрэх вэ?

-Арьс хар хүрэн болж харладаг. Энгийн клиникийн ажиглалтаар түнтгэр улаан хүрэн бор, хар, улаан хүмүүс байдаг шүү дээ, тэдэнд ферритин гарцаа байхгүй өндөр, бүр дөрөв дахин өндөр байна. Нэг үгээр тэд төмөртөө зэвэрч байна. Ер нь төмөр ихдээд ирэхээр ердийн зовиурууд, тухайлбал үений өвдөлтүүд, бие сулрах, ядрах, сульдах, юм хиймээргүй санагдах, хэвлийгээр өвдөх, бэлгийн сонирхолгүй болох, зүрхний эмгэг илэрнэ.

-Судалгааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

-Судалгаанд оролцогч нийт эрчүүдийн 70 гаруй хувьд, энэ дотроо 40-60 насныханд ферритин илүүтэй өндөр гарч байна. Яг ид хөдөлмөрийн насны эрчүүд байгаа биз. Энэ үед эр хүний идэж уух нь бүгд өндөр хэмжээнд байдаг юм байна. Ерөөс монголчуудын улаан мах иддэг, мөн дээрээс нь архи их хэрэглэдэгтэй холбоотойгоор төмөр ихдэлт, илүүдэл үүсдэг юм байна. Энэ нь манай үндэстний хооллолтын онцлогтой холбоотой байх. Ингээд ирэхээр манай түнтгэр улаан нөхөд цусандаа чихэлдсэн маягтай байдаг нь шинжлэх ухааны хэллэгээр бол ферритин хэт илүүдэлтэй яваад байна гэсэн үг. Бид энэ болгоныг тэр бүр анзаарч мэддэггүй, оношилдоггүй байж. Их сайндаа, цус чинь ямар их өтгөн байх юм гэж хэлдэг. Гэхдээ цус өтгөрөлтийн ерөнхий шинжүүд, шинжилгээн дээрээс гемоглобин, эритроцитийн хэмжээ ихсэх зэргийг бол хүмүүс мэддэг. Гэтэл үүний цаана үндсэн суурь дотор ферритиний илүүдэл явагдаад байгааг мэдэхгүй байна.

-Тэгэхээр төмөр ихдэхээр ямар эмчилгээ хийнэ гэсэн үг вэ?

-Эмнэлгийн хэллэгээр яривал судаснаас цусыг авч ханах эмчилгээ хийдэг. Манай клиникийн практикт 400-600, бүр шаардлагатай бол 800 мл хүртэл цус авч байна. Энэ тал дээр манайхан их сурцтай байгаа. Судалгаа хийхдээ би өөр дээрээ туршсан. Миний ферритиний хэмжээ жишээ нь 1000 байсан. Жилийн дотор би дөрвөн литр цус хануулж, авуулж байна. Тэгж байж минийх хэвийн болсон. Ер нь бол төмөр хэт ихдэлттэй, 1000 гараад байгаа хүмүүст цусыг нь их хэмжээгээр, сар, хоёр сарын хугацаатайгаар хануулахад цус болон уургийн дутагдалд орно гэж байхгүй. Ингэсний дараа харин ч царай зүс нь шингэрээд, даралт нь багасаад, эрүүл царайтай болж ирдэг. Тиймээс ферритинээ ер нь үзүүлж, шалгуулах ёстой юм байна гэдгийг л дахин дахин хэлье.

Дээр үед манай хөгшчүүл хавар, намартаа хануур самнуур, цус хануулах эмчилгээ их хийлгэж байсан. Энэ олон зуун жилийн түүхтэй тэр эмчилгээ маш хэрэгтэй байж. Хануулсны дараа хүмүүс бие сайхан хөнгөрчихлөө, аятайхан болчихлоо гэдэг байсан нь цаанаа далд учиртай байсан байгаа биз. Үүнийг бид сүүлийн жилүүдэд мэдэж эхэлж байна.

-Тэгвэл эмэгтэйчүүдэд төмөр дутагдах нь гайгүй гэсэн үг үү?

-Эмэгтэйчүүдэд харьцангуй гайгүй байдаг. Энэ нь байгалийн физиологийн хуулийн дагуу тэд сарын тэмдгээрээ цусаа багасгаад байдагтай холбоотой. Харин 50-аас дээш насанд, цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд мөн төмөр ихдэлт илэрдэг. Гэхдээ эрэгтэйчүүдийг бодоход харьцангуй гайгүй.

-Тэгэхээр энэ бүхэн ердөө хооллолттой холбоотой гэсэн үг үү?

-Хоол, тэжээлтэй маш их холбоотой. Монголчууд бид махаа маш их иддэг л гээд байдаг. Гэтэл улаан мах бол төмрийн асар их нөөц, эх үүсвэр болдог. Дээрээс нь бидний идэж ууж байгаа энергилэг бүтээгдэхүүнүүд ерөөсөө л төмрийн илүүдэлд хүргэдэг. Ядаж улаан дарс их ууж байна. Ялангуяа эмэгтэйчүүд. Улаан дарсанд төмрийн агууламж маш их байдаг. Цус багадсан, төмрийн дутагдалтай, цус алдсан хүмүүст бид улаан дарс багаар өгөхийг зөвлөдөг л дөө. Энэ нь цус төлжилт, төмрийн бууралтыг ихэсгэх гэж байгаа юм. Гэтэл хэвийн байгаа хүмүүс улаан дарс уугаад байхаар төмрийг нь улам л ихэсгээд байна гэсэн үг. Тэгэхээр дарс сайн гээд уух гэж байгаа л бол монгол хүнд цагаан дарс нь илүү сайн байх шүү. Иймэрхүү юмыг манайхан мэдвэл их сайн байна. Тэгэхээр ердөө л төмөр ихээр агуулдаг мах, архи зэрэг бүтээгдэхүүнийг багасгах л хэрэгтэй.

-Ферритинийг аль ч лабораторид тодорхойлох уу?

-Ферритинийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлдог. Одоохондоо манай УКТЭ-ийн лаборатори, “Сонгдо” хоёрт тодорхойлж байгаа. Монгол эрчүүд, тэр тусмаа 40-50 насны эрчүүд зайлшгүй үзүүлэх ёстой. Ингэснээр элэгний үрэвсэл, зүрхний булчингийн сулрал, уушгины өвчин, амьсгалын дутагдалд хүргэдэг эмгэгүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.

-Та ихэвчлэн төмөр ихдэлтийн талаар ярилаа л даа. Гэтэл эмэгтэйчүүдэд цус багадалт их байдаг гэдэг. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд цус багадалттай, төмрийн бэлдмэл уу гэж зөвлөдөг?

-Цэвэршилт болоогүй эмэгтэй­чүүдэд физиологийн цус алдалт буюу асгалт байгаад байдаг учир төмрийн илүүдэл харьцангуй гайгүй байна гэж түрүүнд хэллээ. Бүр төмөр дутагдал ч тохиолдож болох юм. Гэхдээ Монголд тийм айхтар төмөр дутагдлын хурц эмгэгтэй эмэгтэй маш цөөхөн байдаг. Ходоод нь шархалчихсан, ходоодны шүүс ялгаралт нь багассан, ходоодны хатангиршилтай тохиолдолд хоёрдогчоор төмөр авдаг механизмууд нь алдагдаж, дээрээс нь сарын тэмдгийн үед цусаа алдахаар төмөр багадалтын эмгэг үүсдэг. Фолийн хүчил алдагдаад ирвэл мөн л төмөр шингээлт байхгүй болчихдог. Мөн нарийн бүдүүн гэдсээ тайруулсан хүн бол төмөр дутагдана. Учир нь, нарийн гэдэсний төгсгөлд төмөр шимэгддэг. Их хэмжээний цус алдсаны дараа цусыг төлжүүлэх нэг үндсэн материал нь төмөр байдаг учраас төмрийн дутагдал нэг хэсэгтээ байдаг. Гэхдээ энэ бүгд тодорхой тооны, цөөн хүнд тохиолддог өвөрмөц хэлбэрүүд. Тэгэхээр төмөр дутагдах дээрх бодит шалтгаануудаас бусад хэвийн хооллолттой монголчуудад төмөр дутагдал гэж ерөөсөө байхгүй. Хүмүүсийн олонх цусан дахь төмөр багасдаг гэсэн ойлголттой байдаг, төмрийн бэлдмэл, төмөртэй витамин ууна гэдэг. Үнэхээр цус багадалттай байгаа бол эмчилгээ, арга хэмжээ авах ёстой. Гэтэл төмөр ихэдвэл бүр илүү аюултай гэдгийг мэддэггүйгээс эрүүл мэндээрээ хохирч байна. Эцсийн эцэст төмрийн хордлого бидэнд маш их байна.

-Төмөртэй витамин гэж их сурталчилдаг. Эм, нэмэлт бүтээгдэхүүнийг сүлжээгээр, сайн сурталчилж ухуулж чадсан нь хүмүүст уулгаж байна шүү дээ. Тэгэхээр төмрийн бэлдмэлийг зүгээр нэг сурталчилгаагаар авч болохгүй биз дээ?

-Төмөртэй витамин гэх зэрэг янз янзын юм ярьдаг болсон байна. Бидэнд мэдэгдэхгүй, өвчин хэлбэрээр тодорч ирэхгүй байгаа төмөр илүүдэл буюу гемиседироз монголчуудад байгаад байна. Бидний элэг, зүрх, уушиг муудаад байгаагийн бас нэг голлох шалтгааныг төмөр ихдэлттэй холбон тайлбарлаж байна. Тэгэхээр мөнгөө тийм илүү юманд үрэх шаардлагагүй.

-Цонхийсон царайтай, гар хөл нь дандаа хүйтэн явдаг хүмүүсийг цус багадалттай, төмрийн бэлдмэл уу гэж зөвлөдөг. Энэ зөв үү?

-Энэ нь маш олон шалтгаантай. Мэдрэлийн өвчнүүдийн үед, зах хязгаарын мэдрэлийн судсууд агшаад, төв мэдрэлийн системийн зохицуулга алдагдсан, манайхны хэлдгээр, ядаргаа гэсэн хэлбэрийн үед ийм шинж, гар хөл нь хүйтэн байх, ядрах зэрэг шинж илэрдэг. Бидний мэргэжлийн хэллэгээр зах хязгаарын судасны агчилт буюу Рейно синдром гэж ярьдаг. Үнэхээр цагаан цайвар цонхийсон байх нь бас уураг цус дутагдалтай холбоотой байдаг. Элэг муу байвал, уургийн нийлэгжүүлэлт багасаад ирвэл, уураг нь төмрөө зөөж явдаг болохоор цаана нь төмөр байлаа ч зөөгч нь байхгүй бол цус багадалтын эмгэг үүсгэдэг.

-Цус багадалттай хүмүүсийг улаан дарс уу, улаан лооль ид гэдэг. Гэтэл та улаан дарсыг хамаагүй ууж болохгүй гэлээ?

-Бүх хүнсний бүтээгдэхүүн элементүүдийг тодорхой хэм­жээгээр агуулж байдаг. Ялангуяа улаан өнгийн хүнсний тэжээлийн бодисуудад төмрийн агууламж их байдаг юм байна. Ер нь бол хамаагүй ууж идээд байж болохгүй. Манайханд нэг буруу ойлголт яваад байна. Ердийн юм идэж ууж байгаа хүмүүст төмөр, кальц дутагдах ёсгүй. Кальцыг сайн сурталчилсных нь дагуу хэн дуртай нь хэрэглэж болохгүй. Судас, нуруу, ясны шохойжилт хатуурал гээд буруу эмчилгээ сурталчилгааны үр дүнд үүсгээд байна. Остеопороз гэдэг бол нас дагаад гарч ирдэг, цаанаа атомын нарийн урвал шиг цогц олон шалтгааны үр дүнд үүсч байгаа ясны сийрэгжилт шүү дээ. Энэ бол байгаль, физиологи, биохимийн маш нарийн процессууд. Өдөрт нэг аяга сүү уухад хангалттай кальц авдаг. Наранд биеийн ил хэсгийг 15-хан минут үзүүлэхэд Д витаминаа хангалттай авчихна. Энэ хоёрыг дагасан байхад ясны сийрэгжилт энэ тэр ярихгүй байж болно. Тэгтэл кальцын нэмэгдэл уухгүй бол та хэцүүднэ гээд л толгойг нь эргүүлэх юм.

Би хүмүүст хэрэгтэй гэсэн үүднээс өөртөө тохиолдсон нэг жишээ хэлье л дээ. Нэг эмийн компанийнхан ясны сийрэгжилтийн хэмжээг үздэг денситометр гэх багажаар манай эмч нарыг үзсэн. Гэтэл ганцхан хүнээс бусдад нь ясны сийрэгжилт байна гэж гарсан. Надад ч ясны сийрэгжилт маш ихтэй байна гэж хэлсэн. Тэгтэл би түүнээс хоёр сарын дараа тохойгоо гэмтээгээд гарынхаа ясны зургийг авахууллаа л даа. Манай гэмтлийн эмч тэр зургийг үзээд, танд ямар ч ясны сийрэгжилт байхгүй, шаардлагатай бол хадчихаж болох юм байна, таны яс 50 настай хүнийх гэхэд үнэхээр сайхан байна гэж байгаа юм. Тэгэхээр бодит байдал, денситометрийн заалт хоёр хоорондоо ийм зөрүүтэй байна. Би эмч хүн учраас надад кальц дутагдах ёсгүй, харин остеопороз насаа дагаад тодорхой хэмжээгээр байж л байгаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр худалдааны сурталчилгаанд маш болгоомжтой хандахгүй бол болохгүй. Энгийн ухаанаар бод доо. Манай ард түмэн, танай аав ээж, хөгшчүүл өмнө нь нэмэгдэлгүйгээр, кальцын бэлдмэлгүйгээр зүгээр л амьдраад байсан. Одоо харин ч монголчуудын дундаж наслалт сайжирсан, 67 хүрчихсэн. Уг нь 58, 59 байсан, социализмын үед 63 байлаа. Тэгэхээр манай үндэстэн бол генийн хувьд, хоол хүнсний хувьд ерөнхийдөө эрүүл. Үүнийхээ хүчинд наслалт уртсаад байгаа. Харин бизнесийн буруу эмийн сурталчилгаа өвчнийг, өвдөлтийг ихэсгэх гээд байна. Тиймээс “Өөрөөрөө битгий тогло. Мөнгө чинь ихдээд байвал өөр юм авч тогло” гэж зөвлөе.