<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Ойн баярыг тохиолдуулан ОХУ-д төгсөгчид чууллаа
featured

Ойн баярыг тохиолдуулан ОХУ-д төгсөгчид чууллаа

Монгол - Зөвлөлтийн дайчид Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өчигдөр (есдүгээр сарын 3) Улаанбаатар хотноо, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (OШУСТ)-д Зөвлөлтийн болон Оросын их, дээд сургуулийн үе үеийн төгсөгчид, залуучуудын чуулга уулзалт боллоо.

Их ойд зориулсан энэхүү чуулга уулзалтыг Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо, Уралын Холбооны Их сургуулийн төслүүд болон Уралын их, дээд сургууль төгсөгчдийн хөгжлийг дэмжих сан, ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны Их сургууль, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл (ННМЭ), ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн Олон улсын Зохицуулах зөвлөл - ИНКОРВУЗ-21; Байгалийн Улсын Их сургууль зэрэг байгууллага хамтрагчаар оролцсон юм.

Чуулга уулзалтанд ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничество” байгууллагын тэргүүн Митрофанова Э.В., ИНКОРВУЗ-21 байгууллагын дарга Ефремова Л.И., Уралын Холбооны Их сургуулийн захирал Кокшаров В.А., тус сургууль дахь Кембрижийн төвийн захирал Рассказова Т.П., Байгалийн Улсын Их сургуулийн захирал Музычук Т.Л., яг жилийн өмнө Новосибирскт байгуулагдсан бүс нутгийн хэмжээний олон нийтийн байгууллага болох “Монгол үндэстэн-соёлын Найрамдал-Дружба” төвийн удирдлагууд хүндэт зочноор оролцсоноос гадна Орост сургууль төгсөгчдийн Непал дахь холбооны төлөөлөгчид ч энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байв.

Чуулга уулзалтын үеэр ОШУСТ-ийн хурлын гурван танхимд гурван гол сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал - хэлэлцүүлэг болж, Орос (Зөвлөлт)-ын янз бүрийн хотын их, дээд сургуулийн үе үеийн төгсөгчид Монгол-Оросын эрдэмтэн судлаачид, төрөлх сургуулийнхаа доктор, профессор багш нарын илтгэлийг сонсон хэлэлцлээ. Илтгэлүүд нэн сонирхолтой байсан тул салбар хуралдааны танхимууд дүүрэн хүнтэй, суудал нь хүрэлцэхгүй, нэмэлт сандал олноор тавихад хүрч байв.

Хоёр орны эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач мэргэжилтнүүд, томоохон компани, үйлдвэр-аж ахуйн байгууллагуудын нэр хүндтэй төлөөлөгчид оролцсон эрдмийн энэ чуулганыг:
1. Амьдралын чанарыг сайжруулахын төлөө их, дээд сургуулиуд, төгсөгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь;
2. Орос хэл - нэгдэн нятрах, хөгжин цэцэглэхийн үндэс суурь болох нь;
3. Халхын голын дайны түүхэн ач холбогдол гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж, чиглэл бүрт хэд хэдэн илтгэл тавин хэлэлцүүлсний дараа эл гурван секторын хуралдаанаар яригдсан асуудлууд, тэндээс дэвшүүлсэн санал, цаашдын үйл ажиллагааны төлөвөө Бүгд хурлаараа нэгтгэн дүгнэсэн юм.

Салбар хуралдааны сониноос

Гурван сектор хуралдааны нэг “Халхын голын дайны түүхэн ач холбогдол” сэдэвт хуралдаанд оролцсон Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаач нар, музейн ажилтнууд, оюутан сурагчид “Халхын голын дайны түүхийн орчин үеийн үнэлэлт дүгнэлт” (Н.Хишигт),”Халхын голын дайны ялалтын үнэ цэн ба зэвсэг нэгт ахан дүүс” (Б.Мөнхсайхан), “Георгий Константинович Жуков: Түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүрэг” (Гущин С.Н.) зэрэг илтгэл сонсон хэлэлцсэн юм.

“Дайн бус тулгаралт, мөргөлдөөн байсан” гэхчлэн маргалддаг энэхүү түүхэн үйл явдлын талаар мэргэжлийн түүхчид, салбарын судлаачдын үнэлэлт дүгнэлтийг агуулсан эл хэлэлцүүлгийн үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан тавьсан илтгэлдээ “Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохисон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн төдийгүй олон улсын асар их ач холбогдолтой үйл явдал болсон. ЗСБНХУ-ын батлан хамгаалах хүчин чадал хэрхэн өсөн нэмэгдсэнийг дэлхий даяараа нүдээр үзэж, итгэж үнэмшсэн. 1939 оны наймдугаар сард болсон энэ үйл явдал нь дэлхийн практикт анх удаа шийдвэрлэх гол гол чиглэлд асар олон тооны танк, нисэх онгоц, бүхий л төрлийн цэргийн хүчийг өөр хооронд нь уялдуулан хэрэглэсэн үнэ цэнтэй, дайчин туршлага, ах дүү хоёр армийн цэрэг-дайны үйл ажиллагааны анхны хамтарсан туршлага болсон”-ыг онцлон тэмдэглэсэн юм.

“Дефакто” онлайн сонины эрхлэгч Д.Жаргалсайхан модератороор нь ажилласан “Амьдралын чанарыг сайжруулахын төлөө их, дээд сургуулиуд, төгсөгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг оролцогчдын анхаарлыг хамгийн их татсан бөгөөд энэ секторын хуралдаанд бизнесийн салбарынхан идэвхтэй оролцож хоёр орны худалдаа-үйлдвэрлэл-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал, Монгол Базальт ХХК-д хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний хамтарсан туршилтын ажлынхаа үр дүнгийн талаар компанийн захирал Л.Ариунболд, Монгол-Оросын үйлдвэр-аж ахуйн газруудын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн тухайд МҮХАҮТ-ын зөвлөх Э.Оюунтэгш нар илтгэл тавив.

Үүний дараа болсон Бүгд хурал дээр орос хэл сурахын ач холбогдлыг үнэлж хэлсэн үгэндээ Д.Жаргалсайхан “Өнөөгийн шинэ нөхцөл дэх Орос-Монголын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа нь харилцаа, анхаарал, итгэлцэл гэсэн гурван гол хүчин зүйлээс эхэлнэ. Бизнесээ тэлэхийн тулд, үгүйдээ л үйл ажиллагааныхаа талаар оросуудад мэдээлэл өгөхийн тулд оросуудтай ойлголцох, харилцан ярилцах хэрэгтэй болно. Үүний тулд орос хэлний мэдлэг зайлшгүй чухал. Харилцан ойлголцож байж л итгэлцэл бий болдог... Халхын голд бидний төлөө орос, монгол дайчид амиа өгч байсан. Харин өнөөгийн манай удирдагчид бидний төлөө үхэх үү?” хэмээн олныг хөгжөөж байв.

“Ерээд оны ардчилсан өөрчлөлт, зах зээлийн харилцаанд шилжсэний үрээр гадаадын олон хэл, түүний дотор англи, хятад хэл сурах өргөн боломж бүрдсэн ч Монгол Улсын хөгжилд орос хэл, Орост төгсөгчдийн үзүүлсэн нөлөөг дутуу үнэлэх аргагүй. Сүүлийн 80 гаруй жил Монголд хуримтлагдсан оюуны асар их өв орос хэлээр хадгалагдан байгаа бөгөөд манай номын сангуудын арвин сан хөмрөгийн ихэнх хэсгийг оросоор бичигдсэн ном зохиол бүрдүүлсэн хэвээр байна” гэж “Орос хэл - нэгдэн нятрах, хөгжин цэцэглэхийн үндэс суурь болох нь” сэдэвт салбар хуралдааны үеэр "ХХ зууны Монгол Улсын боловсролын салбарын орон зайд орос хэлний гүйцэтгэсэн үүрэг" сэдэвт илтгэлдээ МАВСУЗ холбооны дэд дарга, Монгол улсын гавьяат багш Д.Цогзолмаа ярьж байлаа.

Монголчууд нэгэнт төрөлх нутгаасаа нүүгээд явчихгүйгээс хойш хойд хөршийнхөө хэлийг сурах хүсэл сонирхлыг хүүхэд залуустаа төрүүлэх, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх бодит хөшүүрэг хэрэгтэй байгааг энэ хуралдааны үеэр үг хэлсэн олон хүн тэмдэглэж байв. Оюутан залуус Орост сурахаар явдаг ч хэлний бэрхшээл болон бусад шалтгаанаар шалгалтандаа бүдрэн нутаг буцах нь цөөнгүй байгааг “Росструдничество” байгууллагын тэргүүн Митрофанова Э.В. Бүгд хурал дээр тэмдэглээд “ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар зохих анхаарал тавина, энэ чиглэлээр эртний сайн анд монгол нөхдөө бид онцгойлон үзэх болно” хэмээсэн нь сайхан сонсогдож байв.

ОХУ-ын их, дээд сургуулиудын орос хэлний бэлтгэл ангид монгол багш нарыг ажиллуулах, орос хэл сурах сонирхолтой монгол хүүхэд, залууст зориулсан сургалтын төвийг Монголын аль нэг сургуулийг түшиглэн ойрын хугацаанд байгуулахаас аваад олон асуудал энэ үеэр хөндөгдсөний дотор Монгол, ОХУ-ын хамтарсан их сургууль байгуулах чиглэлээр Эрхүүгийн Байгалийн Их сургуультай (хуучнаар НАРХОЗ буюу УААА-н дээд сургууль) хамтран ажиллаж байгаа тухай мэдээлэл анхаарал татаж байлаа.

Төгсөгчдийн хур хүч - асар их боломж

Эрхүүгийн Улсын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор профессор А.Ф. Шмидт Бүгд хурал дээр үг хэлэхдээ “цагаа олсон, ихээхэн ач холбогдолтой чуулга уулзалт зохион байгуулсан МАВСУЗ, Уралын Холбооны Улсын Их сургуулийн удирдлагад талархаж байгаа”-гаа илэрхийлээд цагтаа Монголын олон мянган шилдэг сэхээтэн төгссөн Дорнод Сибирийн ууган их сургууль - Эрхүүгийн Улсын Их сургууль өнөөдөр энэ талаар тун чамлахаар үзүүлэлттэй байгааг дурдсан юм. Тэрбээр “Өнөөгийн нөхцөл байдал ЗХУ-ын үеийнхээс өөрчлөгдсөн ч бид харилцан ашигтайгаар хамтран ажиллах шинэ арга зам, шинэ механизм хайх хэрэгтэй байна. Төрөл бүрийн тэтгэлэг амласан конкурс шалгалт цөөнгүй байгаа ч энэ бүхэн төдий л хүртээмжтэй бус, өнгөц байдалтай байна...” гээд “Бид төгсөгчдийнхөө хур боломжийг ашиглаж чадахгүй байгаа. Эрхүүд сургууль төгсөгчдийн, Эрхүүгийн Их сургууль төгсөгчдийн холбооноос өнгөрсөн хавар Эрхүү мужийг хамарсан үер усны гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулж, анд нөхдийн сайхан сэтгэлээр хандсанд сэтгэл ихэд хөдөлсөн. Энэ мэт бодит ажил хийж байгаа ч эдгээр эвлэл, холбоо Монголынхоо оюутан залуусын сайн сайхны төлөө илүү ихийг хийж чадна. ОХУ, ЗХУ-д сургууль төгсөгчдийн олон байгууллага хамтран ажиллах механизмаа олоод хүчээ нэгтгэж чадвал маш том хүч болох боломжтой” хэмээн ярьсан юм.

Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн эрдмийн их чуулганыг санаачлан зохион байгуулсан гол хүмүүсийн нэг - Уралын Холбооны Их сургуулийн захирал В.А.Кокшаровын хэлснээр “Оросын олон хотын үе үеийн төгсөгчид нэг дор ингэж уулзаагүй нэлээд уджээ. Чуулганд оролцогчид оюутан ахуй цагийнхаа гэгээн дурсамжаас хуваалцан, цаашид хамтран ажиллах зам, гарцаа эрэлхийлж, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцсон ажил хэрэгч, сайхан уулзалт” болов.

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж буй энэ өдөр Монгол Базальт ХХК Уралын Холбооны Их Сургуулийн Шинэ материал технологийн институттэй хамтран ахуйн хатуу хог хаягдал болон гахай, шувуу, үхрийн фермийн хог, ялгадас солом, үртэс зэргээс байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулах зорилготой хатуу түлш гарган авах төсөл дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь бизнес-эдийн засгийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны бас нэг шинэ, чухал үйл явдал боллоо.