<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Монголын баг анхны хожил авч,түүхэн ялалт байгуулав
featured

Монголын баг анхны хожил авч,түүхэн ялалт байгуулав

 2022 онд Катар улсад зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Ази тивийн сонгон шалгаруулалтын II шатанд 40 улс найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсын шигшээ баг F хэсэгт Япон, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсын шигшээ багуудтай багтаж хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Мьянмар улсын шигшээ багийн эсрэг хийлээ.

Монголын шигшээ баг өмнө нь ДАШТ-ий урьдчилсан шатны сонгон шалгаруулалтанд оролцон анхны гоол, анхны оноогоо авч байсан ч хараахан Азийн бүсийн II шатанд шалгарч чадаагүй байсан. Тэгвэл энэ удаа Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны өрсөлдөөнд анх удаагаа Азийн бүсээс II шатанд шалгарч, мөн анхны хожлоо авч түүхэн ялалт байгуулав. Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг шигшээ багтаа 2 дахь тоглолтоо хийж буй 18 настай “Дэрэн” клубын залуу тоглогч А.Дөлгөөн “Улаанбаатар Сити” клубт тоглодог А.Нармандахын хөндлөн дамжуулалтыг эсрэг багийн хаалга руу шууд цохин оруулсан. Ийнхүү залуу жигүүрийн тоглогч А.Дөлгөөний оруулсан ганц гоолоор Монгол улсын шигшээ баг ялалт байгуулж ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны II шатанд анхны хожлоо авахын зэрэгцээ анхны гурван оноогоо авч байна.

Хэсгийн эхний тоглолтонд ялалт байгуулсан Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 10-ны мягмар гарагт Тажикстаны шигшээ багийн эсрэг хийнэ.