<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Ж.Болормаа: Сургалтын хөтөлбөр, арга зүй хүүхдийг залхаахгүй, сурах идэвхийг нь бууруулахгүй байхад чиглэх ёстой
featured

Ж.Болормаа: Сургалтын хөтөлбөр, арга зүй хүүхдийг залхаахгүй, сурах идэвхийг нь бууруулахгүй байхад чиглэх ёстой

Шинжлэх ухаан, техникийн эрэн зуунтай хөл нийлүүлэн алхаж буй үед хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарал хандуулах болсон билээ. Тэгвэл орчин цагт хүүхдэд хэрхэн боловсрол олгох, ямар чиг хандлага хэрэгтэй байгаа талаар БМДИ-ийн захирал Ж.Болормаатай ярилцлаа.

-Хүүхдийн хөгжил, боловсролын талаар сүүлийн үед хүн бүхэн л ярих болсон. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Монгол Улсын маргаашийн ирээдүй болсон өнөөдрийн алдрай бяцхан хүүхдийг нийгэмд бэлтгэж, төлөвшүүлэхийн тулд уламжлал өв соёл чухал. Иймээс бага наснаас бэлгийн бойжилтын нас хүртэл нь хүүхдийн тархи, оюун санаанд юу хийх вэ гэдгийг гэр бүл аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчээс эхлээд боловсролынбайгууллага, төр засаг сайтар анхаарах хэрэгтэй. Монголоороо оршин байхын тулд нялх багаас нь зөв бодол, дадлыг гэр бүлийн орчинд оюун ухаанд нь суулгаж чадвал хүүхэд зөв хүн болох суурь нь тавигдана.

Монголчууд эрдэм боловсролд суралцахыг гэр бүлд суурилсан арга ухаан, ур чадвар, соёл болгож ирсэн ард түмэн. Өөрөөр хэлбэл, боловсрол хүний хөгжил гэдгийг амьдралын явцад төлөвшүүлж ирсэн байдаг.

-Амьдарч байгаа орчин нөхцөлтэйгөө уялдуулан боловсрол олгож байсан гэж ойлгож болох нь?

-Тэгэлгүй яахав. Амьдралын хэв маяг, аж байдал нь боловсрол олгох хичээл болж байсан хэрэг. Жишээ нь, ажиглаж мэдсэнээ арга ухаанаар, өв түүхээ үлгэр домгоор, таньж ухаарсныг зүйр цэцэн үгээр, тайлж мэдсэнийг ертөнцийн гурав, хүсэл тэмүүллийг ерөөл магтаал, сэтгэлгээний шинжийг хадгалсныг оньсого, таавар зэргээр ахуйгаараа үр хүүхдээ хөгжүүлж байсан. Үүнээс харахад гэрийн сургууль нь Монгол түмний боловсролын хөрс үндэс нь байсан хэрэг. Техник, технологи хөгжсөн өнөө үед гэр бүлд суурилсан арга, өв соёл алдагдаж байна. Гэр бүлийн хүмүүжил, өрх гэрийн амьд харилцаа, хандлага, эртний уламжлагдан ирсэн нандин бүхэн биднээс холдсоор байна.

-Боловсрол олгох тусгайлсан хуульд өөрчлөлт оруулж, ирээдүйн иргэдээ хэрхэн бэлтгэх вэ гэдэг дээр оцнгой анхаарах хэрэгтэй болж байх шиг?

-Гэр бүл, боловсролын байгууллагаар дамжуулан өв соёлоо хойч үедээ сэргээн өвлүүлж, хөгжүүлэх тухай асуудлыг Соёлын тухай хууль, бусад хуульд оруулж төрийн бодлогод нарийн тусгах нь маш чухал байгаа юм. Дэлхий дахины нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, техник технологийн хөгжил хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед дасан зохицох тогтвортой хөгжлийн үндэс нь хүний хөгжил гэж үздэг. Тэгэхээр боловсрол, хөгжлийн бодлогоороо ирээдүйн иргэнийхээ дүр төрх, Монгол түмний хөгжлийн загвараа гаргаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чадвартай хүнийг бэлтгэх шаардлага гарч ирж байна. Цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоог бий болгон хөгжүүлэх шаардлага гарч ирж байна гэсэн үг. Ирээдүйн эзэд болсон хүүхэд залуусынхаа мэдлэг боловсролд одооноос санаа тавьж, зөв чиглэлд хөтлөх нь дан ганц төр засаг, боловсролын байгууллагын үүрэг биш юм шүү. Эцэг, эх, гэр бүлийн хүрээнд ч энэ асуудал хамаатай.

-Уучлаарай нэг зүйл сонирхож асуумаар санагдлаа. Индего хүүхдүүд мэндэлж байна гэсэн мэдээлэл нэг хэсэг түгсэн?

-Нийгэм хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ нь, хүний хөгжил хувьсан өөрчлөгдөж байгаагийн жишээ юм. Иймд эдгээр хүүхдийн хүмүүжил хөгжилд анхаарч тэднийг хамгаалж, зөн совин мэдрэмжийг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Зарим судлаачид “Индего хүүхдүүд нь далд ухамсрын, тархиа ажиллуулах чадвартай янз бүрийн гоц чадвар авьяастай төрдөг” гэж үздэг. Ийм хүүхэдтэй том хүнтэй мэт, найз шиг нь харьцах, хүмүүжлийн арга барил чиг хандлагыг зөв тийш нь засах хэрэгтэй. Тэгэхээр ийм төрлийн хүүхэдтэй хэрхэн ажиллаж, хөгжүүлэх вэ гэдэг асуулт ч урган гарч байгаа юм.

-Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн тархины хөгжил ч нэмэгдэх болсон байна. Тэдний мэдрэмж, аливааг ойлгох, харилцаа гээд яривал олон зүйлд анхаарах хэрэгтэй болж?

-Ирээдүйн эзэд болсон хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх чадвартай, илүү сэргэлэн нүүрэмгий, юмны учир олох гэж оролддог болсон байна. Зарим хүүхэд өөрийг чинь сургаад байх шиг санагдаж, хэн нь ээж охин, хүү болохоо ялгаж мэдэхэд бэрх болж байна. Өмнө нь хүүхдийг аргадаж хуурах боломжтой байсан бол одооны хүүхдүүд тэс өөр. Учир нь олдохгүй уйлах, аргадаад тайвшрахгүй, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж эсвэл загнаж зандрахад өөдөөс ухаантай чухал харцаар, үг хэлэхгүй болтол хариулт өгөх, өөрт нь хамаагүй зүйлд хошуу дүрнэ гээд янз бүрийн ааш авир гаргадаг болсон. Одоогийн хүүхдүүд аливаад мэдрэмжээрээ хандах нь илүү хөгжсөн төдийгүй тархи нь орон зайн дүрслэлээр сэтгэж, үгээр ярьсан сэдвийг ч зурган дүрслэлээр тогтоон ойлгож чадна.

-Уураг тархины хөгжил өндөр байна гэсэн үг үү?

-Тийм. Баруун тархи нь илүү сэргэг байгаа нь урлагийн мэдрэмж илүү, дүрслэлт сэтгэлгээ нь хөгжсөн хүний бодол санаан дахь зурган дүрслэлийг мэдэрч унших чадвартай хөгжсөн гэсэн үг. Тэдний оюун дүгнэлт хийх чадвар нь хурдтай бөгөөд зөн билгийн мэдрэмж нь өндөр хөгжсөн тул заалгаж байгаа сэдэв нь амьдралын зорилго, амьдрах чадвартай нь зохицвол сонирхож судална. Харин зохицохгүй гэдгийг мэдэрвэл огт  сонирхохгүй, шууд хаяна. Тэгэхээр цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд хүүхдийн эдгээр онцлогийг тусгах, багш нарыг бэлтгэх шаардлага гарч байна.

-Цаашид хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй болох нь?

-Өнөөдөр хүүхдэд олгож байгаа сургалтын хөтөлбөр, арга зүй хүүхдийг залхаахгүй, ядраахгүй сурах идэвхийг нь бууруулахгүй байхад чиглэх ёстой. Хичээл заах багш, аав, ээж хүүхдийг асран хүмүүжүүлэгч хүн бүрийн өсөж хүмүүжсэн арга барилаар биш гэсэн үг. Хүүхдийн онцлогийг ойлгож хүн бүр үзэл бодол оюун санаагаа шинэчлэх, багш бэлтгэдэг тогтолцооны системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Багш хүний хамгийн гол хийх ёстой зүйл бол хүүхдээ судлах, ойлгох асуудал. Иймд багш бэлтгэх сургалт нь ямар ч загвартай байсан багш хүн хувийн болон мэргэжлийн, нийгэмшлийн чадамжаа бүрэн дүүрэн эзэмших ёстой. Үүний тулд шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан сургалтын хөтөлбөрийг багш нарийвчлан судалж, өөрийн болгох нь чухал. Үүнийгээ ээлжит болон нэгж хичээл дээрээ буулгаж, хүүхэд нэг бүрийнхээ онцлогт тохирсон агуулга, арга зүйгээр чиглүүлэх нь чухал байна.

-Багш нарыг чадавхжуулах ямар арга хэмжээ авч байна вэ?

-Мэдээж хэрэг багш нараа чадавхтай, чадамжтай болгох бүх арга хэмжээг авч байгаа. 2018-2019 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх инсититут хамтран сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хэд хэдэн удаагийн судалгаа хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсны дүнд сургалтын хөтөлбөртөө сайжруулалт хийсэн. Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг хийхдээ агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилган суралцах үйлийн тоог цөөлж, багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийснээрээ онцлог юм. Магадгүй цаашид сайжруулах шаардлага гарч ирнэ. Үүнийг цаг тухайн үед нь сайжруулалт хийгээд явах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.