<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Сайд 10 сард цалин нэмнэ гэж байхад эмч нар нөгөөдөр ажил хаяна гэв
featured

Сайд 10 сард цалин нэмнэ гэж байхад эмч нар нөгөөдөр ажил хаяна гэв

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөслийг нэмэхийг шаардаж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос энэ сарын 5-ны 08.30 цагаас хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа өнөөдөр мэдэгдлээ. Өнгөрсөн хаваржин цалин нэмүүлэхээр тэмцсэн эрүүл мэндийн салбарынхан наадмын өмнө нэлээд бужигнах бололтой. Ажил хаялтад 207 эмнэлгийн 16 мянга гаруй ажилтан нэгдэхээ илэрхийлснийг МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэллээ. Түүний ярьж буйгаар “Зарим эмнэлгийн дарга нар ажил хаялтад нэгдсэн эмч, сувилагчдыг дарамталсан тохиолдол гарсан. Энэ салбарын ажилтнуудын цалинг нэмэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай. Ажил хаялт эхэлсний дараа эмнэлгүүдийн мэс засал, түргэн тусламж, төрөх эмнэлэг, сэхээн амьдруулах, гэмтлийн тасгууд хэвийн ажиллана. Харин хэвтэн эмчлүүлэх, үзлэгийн тасгууд ажиллахгүй” аж.

МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн Н.Адьяа, “МҮЭХ-ноос ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Цалин нэмэх асуудлыг Засгийн газар болон МҮЭХ-ны зөвшилцлийн аргаар шийдвэрлэх боломж байсан. Гэвч Засгийн газар үүргээ биелүүлээгүй улмаас хөдөлмөрийн маргаан үргэлжилсээр байна. Ажил хаялт бол эцсийн шатны арга хэмжээ юм. Үүнээс үүдэн хүний эрүүл мэнд хохирох асуудал үүсвэл хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой” гэв.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх боломж байгаа эсэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад, "Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлах тухай мэдэгдлээ ЭМЯ-нд 

албан ёсоор ирүүлээгүй байна. Цалин хөлсийг нэмэх талаар иргэдээс ирүүлж байгаа санал, хүсэлтийг үл ойшоох асуудал УИХ, Засгийн газар болон ЭМЯ-нд байхгүй. Хийсэн ажилдаа зохих хэмжээний цалин авах шаардлагыг ЭМЯ болон миний бие дэмжиж байгаа. Тиймээс ЭМЯ, ХНХЯ-наас ажлын байрны ачаалалд нийцсэн цалингийн журам боловсруулсан. Нөгөөтэйгүүр Сангийн сайдын 47 дугаар тушаалын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ажилтнуудынхаа цалин, урамшууллыг нэмэх боломж бий. Тухайлбал, амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, үүнээс олсон орлогоо цалин, урамшуулалдаа ашиглах боломжтой. Ер нь бол цалин нэмэх нь цаг хугацааны асуудал. ОУВС-гийн төлөөлөл энэ сард Монгол Улсад ирнэ. Энэ үеэр Сангийн сайд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох, төрийн албан хаагчийн цалинг нэмэх асуудлаар хэлэлцээрт орох юм. Үүний үр дүнд энэ оны аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж, ажил хаялт зарлахгүй гэдэгт итгэж байгаа" гэж мэдэгдэв.

Э.Ууган

728×90
Таг: