<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад орууллаа
featured

Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад орууллаа

 Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозамын нээлт боллоо. Нээлтийн ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ -ын гишүүн Я.Санжмятав, Завхан аймгийн ИТХ -ын дарга Г.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан болон уг замын ажлыг гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд, Тосонцэнгэл сумын иргэд, салбар яамны мэргэжилтнүүд оролцлоо.

21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ийнхүү Увс, Завхан аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдож байна. Уг замыг Монгол улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын "XINJIANG BEIXIN ROAD BRIDGE GRUOP" ХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2017 оны 4 сард ажлаа эхлүүлж, 2019 оны 8 дугаар сард албан ёсоор дуусгажээ.

 114.2 км урттай уг бүтээн байгуулалтад "WXР", "daimond road", "Энх төгөл бэх" зэрэг дотоодын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж, нийт замын 30 хувийг барих ажлилд орон нутгийн иргэд залуучуудыг оролцуулсан байна. Нийт 550 орчим ажилтан, 100 га руй техник хэрэгслийн хүчээр уг замыг ийнхүү хугацаанд нь ашиглалтад оруулсан байна.

Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай - Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж.

Уулархаг бүс, бартаа саад ихтэй энэ нугийн иргэд одоо аймгийн төв рүүгээ саадгүй, шулуун замаар, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломжтой боллоо. Замын нээлтэд оролцсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Энэ зам ашиглалтад орсноор цаг хугацаа хэмнэх, техникийн бүрэн бүтэн байдалд ашигтай, Зам дагуух сумдад бизнес тэлж, ашиг орлого нэмэгдэж байна. Чанар, эдэлгээ сайн даах ерөөлтэй сайхан зам боллоо" хэмээн онцолсон юм.

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан "Зам сайхан болж байна. Завхан аймаг Улаанбаатартай ойртож байна гэж үг бий. Энэ зам холбогдсоноор Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж ойлгож болно. Европын сэргээн босголтын банкнаас Говь-Алтай-Улиастай 194 км хатуу хучилттай автозамын төслийн санхүүжилтийг шийдэх боломжтой гэснийг дуулгалаа. Түүнчлэн Идэрийн голын 80 метр гүүрийг төмөр бетон болгон өөрчилж, шинэчлэхээр болж санхүүжилтийг нь улсын төсөвт суулгахаар боллоо" гэсэн баярт мэдээг дуулгалаа.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Сонгино-Улиастай чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажил эхлэх гэж байна. Ингэснээр Завхан аймгийн алслагдмал 9 сум Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох боломжтой. Завхан аймаг 2019 онд 300 тэрбум төгрөгийг автозамын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Гурван томоохон төсөл хэрэгжсэний нэг нь Улиастай- Тосонцэнгэл чиглэлийн 114 км автозам юм. Зам бол хөгжлийн амин судас. Завханыхан бол баруун аймгийн иргэдэд аян замын ерөөлөө үргэлж хайрлаж байх болтугай" гэлээ.

Таг: