<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хятад улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих асуудлаар Орос, АНУ-тай яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй байна
featured

Хятад улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих асуудлаар Орос, АНУ-тай яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй байна

Хятад улс одоохондоо цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих асуудлаар Орос, АНУ-тай гурван талт яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй байна хэмээн НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгч Жан Зюнь мэдэгджээ. Орос, Хятадын хүсэлтээр хийсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

 "Зэвсэглэлд хяналт тавих тухай яриа хэлэлцээний асуудлаар Хятад улс байр сууриа олон удаа тодорхой илэрхийлсэн. Одоогоор Хятад улс зэвсэглэлд хяналт тавих асуудлаар гурван талт яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна" хэмээн Хятадын дипломат мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид дунд болон ойрын зайн тусгалтай шинэ пуужингуудыг Ази-Номхон далайн бүс нутагт байрлуулах ёсгүй хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

“Ази-Номхон далайн бүс нутагт газар суурьтай дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг байрлуулах АНУ-ын эрх баригчдын оролдлогыг Хятад тууштай эсэргүүцэж байгаа бөгөөд үүнд АНУ хүлээцтэй хандана гэж найдаж байна. Манай пуужингууд зөвхөн батлан хамгаалахын зориулалттайн зэрэгцээ бусад улс оронд аюул занал учруулахгүй” хэмээн Жан Зюнь онцлон тэмдэглэжээ.

 “Дэлхий дахин зуун жилд байгаагүй их өөрчлөлтийн үе шатыг туулж байна. Энх тайван, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа нь цаг үеийн эргэлт буцалтгүй чиг хандлага хэвээр байх бөгөөд энх тайвны хүчээр дайныг даван туулах ёстой” хэмээн тэрбээр ярьсан байна. Түүнчлэн олон улсын эрх, НҮБ-ын дүрэм журамд захирагдсан хэв журмыг тууштай сахихыг Жан Зюнь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалжээ. 

“Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарч байгаа нь АНУ-ыг олон улсын үүрэг хариуцлагаас бултах боломжийг дагуулж байгаа юм. Хийж буй үйлдлээ цаашид гэрээнд хамааралгүй байлгах нь тэдний гол зорилго бөгөөд АНУ цэргийн давуу талыг дангаар эдэлж байна” хэмээн Хятадын дипломат ярьжээ.

 "Аюулгүй байдлын салбарт Хятад улс батлан хамгаалахын бодлогыг баримталсаар ирсэн. Хятад улсад байрладаг газар суурьтай дунд болон ойрын зайн тусгалтай пуужингууд нь батлан хамгаалахын зориулалттай” хэмээн Жан Зюнь дахин мэдэгджээ. 

 Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих тухай Орос, Америкийн яриа хэлэлцээнд Хятадыг оролцуулах саналтай байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны бусад албан тушаалтан сүүлийн үед нэг бус удаа илэрхийлсэн юм. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг хязгаарлах, хорогдуулах асуудлаар шинэ тохиролцоонд хүрч магадгүй байгаа бөгөөд энэ тохиролцоонд оролцохыг АНУ-ын Засгийн газар Хятадаас шаардаад байгаа аж. 

Таг: