<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Цагдаагийн офицерууд Туул голын эргээр эрэн сурвалжилж явахдаа уснаас хүний амь аварчээ
featured

Цагдаагийн офицерууд Туул голын эргээр эрэн сурвалжилж явахдаа уснаас хүний амь аварчээ

 Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны  17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байжээ. Алба хаагчид голын эрэг орчмоор явж байхад хүний орилох дуу сонсогдсон байна. Тэд яаравчлан очиход Туул голын усанд 40 орчим насны эрэгтэй живж сандран  тусламж дуудаж байв. Цагдаа нар түүний  амь насыг аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун-Овоо орчмоос усанд унаж урсчээ. Түүнийг  биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг шуурхай ажиллаж аварсан нь энэ. Уснаас гаргаман хүнд анхны тусламж үзүүлжээ. 

Ийм маягаар усанд осолдсон хүн цөөнгүй. Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.

 Онцгой байдлын ерөнхий газраас гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг байнга сануулж байгаа. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн , Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэж байна.

Иймд:

 -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Таг: