<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ “БОР ТОРГОН ДЭЭЛТЭЙ…”
featured

“БОР ТОРГОН ДЭЭЛТЭЙ…”

“Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр МУСГЗ, нэрт дуун хөрвүүлэгч, судлаач Ж.Гэндэндарам багштай таарлаа. Багш маань “Шашин ба соёлын харилцан хамаарал, шүтэлцээн”сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр ирсэн байв. Өдгөө нас сүүдэр дээр гарсан хэдий ч эрүүл, саруул сайхан харагдана. Багшид ойртон мэнд амрыг нь эрлээ. Багш өгүүлрүүн:

-Алдар хэнсэн билээ?
-Өөрийгөө Таны шавь гэвэл надад ичгэвтэр юм болно. Таны хичээлд суудаг байсан оюутан байнаа. МУИС-ийн Англи хэлний оройн курст 1990-1992 онд сурч байсан. Та бидэнд орчуулгын хичээл заадаг байж билээ…гэсгээд нэрээ хэлэв. Танд МУСГЗ болсон явдалд баяр хүргэе.
-Баярлалаа. Аан тийм/курсыг оноож байна/. Гомбосүрэн намайг багшлаач гэсэн юм…
-Таны хичээл бидэнд айхавтар хүнд байдаг байж билээ… “Бор торгон дээлтэй…”гээд цааш дуржигнуулбал, 
-Тийм үү?!, Уджээ хэмээгээд хөгжилтэй нь аргагүй инээмсэглэв.

Багш өнөөг хүртэл уран бүтээл идэвхитэй туурвисаар буйг миний бие энэ Хавар MNB сувгийн “Мөнхтөрийн цаг” буланд оролцсон багшийн нэвтрүүлгээс олж мэдсэн тухайгаа болон бусад зүйлсийн талаар сайхан хөөрөлдлөө.

МУСГЗ Ж.Гэндэндарам гуай бол Монгол-Англи, Англи-Монгол хэлнээ хэдэн зуугаар тоологдох шүлэг, яруу найраг болон үргэлжилсэн үгийн зохиол орчуулсан гарамгай бичгийн хүн билээ. Залгамж хойч үеээ бэлтгэх үйлсэд санаа чилээн, билиг оюунаа дайчилж буй эрдэмтэн хүн бөлгөө. Залуу орчуулагчдын том уралдааныг санаачилсан агаад жил бүр өөрөө ивээн тэтгэж зохион байгуулдаг. Санхүүжилт нь цор ганц эх үүсвэртэй. Тэр нь хадгаламжиндаа илүүчлэх багшийн маань тэтгэврийн мөнгө. Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар шууд суутгагдах атал харьяа дүүргийнх нь татварын ажилтнууд “…уралдаан ивээн тэтгэсэн мөнгөнөөсөө татвар төлөх ёстой…” хэмээн өвгөн багшийн сэтгэл санааг төвдүүлдэг гэнэ.

Тухайн үед бид багш нарынхаа билиг авьяасыг төдийлөн мэддэггүй байж. Дээр өгүүлсэн Профессор Гомбосүрэн багш гэхэд л Англи хэлний хэлзүйн сэдвээр докторын зэрэг хамгаалсан тухайн үедээ манай улсын бараг цор ганц хүн байж гэдгийг бүр хожим бид олж мэдэх жишээтэй.Хичээл дээр ”…эртний англи-саксоны хэллэгт…” гэх мэт жишээ татан заахад нь мань мэт бол юу ч ойлгодоггүй байж билээ. Ж.Гэндэндарам багш маань тод Энэтхэг /хатуу ч гэмээр юм уу/дуудлагатай. Гайхмаар уран орчуулдаг байсныг сайн санаж байна. Хэвлүүлсэн өөрийн ном зохиолоосоо жишээ татаж, харьцуулан тайлбарладаг байсан санагдана. 
“Бор торгон дээлтэй,… /шар дурдан?/бүстэй, өлгийтэй балчир…/нялх?/ хүүхдээ тэвэрсэн бүсгүй голын эргийн ногоон зүлгэн дээр хөл нүцгэн алхана…” гэдгийг англи хэл рүү орчуулах гээд үздээ?!. Мэдээж ангиараа гацна. Мань мэт хэрэв “гацсан” төдий бол орчуулагч мэргэжилтэй болох ч байсан байж магадгүй. Харин гацахаас бүр дор “цайрна” гэдэг нь болдог байсан юм. Үр дүнд нь орчуулга хийх тухай бодол өнөөг хүртэл төрөөгүй л байна.
Миний болон багшийн туршлагаас хийх дүгнэлт:
1.Орчуулга хийхийн тулд яруу тунгалаг эх хэлээ сайтар сурсан байх ёстой.
2.Хэрэв орчуулга оролдож эхэлсэн бол Та насан туршдаа уйгагүй хөдөлмөрлөх ёстой болно.

МУСГЗ Ж.Гэндэндарам багшдаа эрүүл саруул байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

--- o O o ---

Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”клубын Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх PhD

Улаанбаатар 2019.08.16