<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ "Аравт" морин цэргийн уралдаан маргааш эхэлнэ
featured

"Аравт" морин цэргийн уралдаан маргааш эхэлнэ

 ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ болж буй. Уг наадам  энэ сарын 3-17нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 311-р ангид зохион байгуулагдана. Энэ тэмцээн уралдаанд дэлхийн 36 орны 221 багийн 6000 гаруй цэргийн албан хаагчид мэргэжлийн ур чадвараа сорин оролцоно.

Олон улсын цэргийн наадмыг 2015 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу санаачилснаар анх зохион байгуулагдсан түүхтэй аж.

“Олон улсын цэргийн наадам-2019”-ын нэг төрөл “Аравт” морин цэргийн уралдаан маргааш эхэлнэ. Энэ талаар ЗХЖШ болон зохион байгуулагчид МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэв.  “Олон улсын цэргийн наадам-2019” нь дэлхийн 10 улсад энэ сарын 3-17-нд нэгэн зэрэг болох бөгөөд 36 орны  221 багийн 6000 гаруй тамирчин оролцох юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин наадмын нэг хэсэг болох морин цэргийн уралдааныг "Аравт" нэртэйгээр анх удаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.

 "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын баг тамирчид өрсөлдөх бөгөөд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцоно.

 Уралдаан зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэхдээ, “Энэ бол спортын уралдаан биш, цэргийн мэргэжлийн алба хаагчдын олон төрөлт тэмцээн юм. Олон улсын цэргүүд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхөөс гадна цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, улс үндэстнийхээ уламжлалыг сурталчлах зэрэг ач холбогдолтой. Тамирчид эхний шатанд 130 км-ийн зайд мориор уралдана. Ингэхдээ, усан болон минийн саадаар гарч, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтаныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ морь ашиглан зөөвөрлөх зэрэг сорилыг давах юм. Уралдааны цэг бүрт бие бүрэлдэхүүнийг амраах, хооллох байр бэлтгэсэн. Мөн морийг нь амраах, ус, идэш өгөх зэрэг бэлтгэл хангасан. Дараагийн шатанд багууд тус бүр 7.2 км-ийн богино зайд уралдана. Ингэхдээ явган гараанаас гарч, гранат шидэх, саадын зурвас туулах, буудлага хийх зэрэг сорил гүйцэтгээд, мориноос гранат шидэх, тактикийн ажиллагаа зэрэг дасгалыг давна. Биатланы зарчмаар буюу торгуулийн тойрогтой. Хамгийн бага хугацаа зарцуулж барианд ирснээр нь байрт шалгаруулна.  Уралдааны цэг бүрт камер суурилуулсан байна. Ингэснээр тэмцээний үеэр гарсан маргааныг шийдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн холбоо харилцаандаа үүрэн холбооны операторын "4G" сүлжээ ашиглах юм” хэмээв.

 Тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс эхлээд Төв аймгийн Аргалант, Алтанбулаг сумын нутгаар 130 км-т явах бөгөөд Хустайн нурууны ДЦГ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг туулах аж.  Сугалаа ёсоор, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ гэсэн дарааллаар уралдааныг явуулах юм байна. 

 Киргиз улсын зэвсэт хүчний багийн төлөөлөл, дэд хурандаа А.Д.Оркошев, "Монгол Улсад анх удаа зохиогдож буй  дэлхийн анхны морин цэргийн уралдаанд оролцох гэж буйдаа таатай байна. Бид өнгөрсөн сарын 19-нд уралдааны газар орондоо ирсэн. Биднийг Монголын тал найрсагаар угтаж, байр, хоолоор хангахын сацуу адуучин наадам, монгол дууг хэн сайн дуулах вэ зэрэг сонирхолтой тэмцээн хөтөлбөрт хамруулсан. Тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин дээд түвшинд хангасан байна. Тэмцээнд зөвхөн монгол морь ашиглах заавартай. Тиймээс бид хоёр долоо хоногийн өмнөөс монгол морьтой дасах, харьцах бэлтгэл хийсэн" хэмээв. 

Уралдааны арын албанд ЗХЖШ-аас 400 гаруй албан хаагч ажиллаж байгаагаас гадна тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригад, Эрүүл мэндийн байгууллага дэмжлэг үзүүлэх юм. Мөн мал эмнэлэг морьдод шаардлагатай тусламж үзүүлнэ хэмээн хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэлдээ онцоллоо. 

 Түүний ярьснаар, “Багууд 7 дугаар сарын 19-нөөс Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хүрэлцэн ирж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бид гадаадын тамирчдад Монгол үндэстний зан заншил, уламжлалыг соёл урлагаар дамжуулан хүргэж, тойрон аялалыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан. Мөн тэмцээний нээлт болон хаалтын үеэр, Монгол морины соёлыг сурталчлах, соёл урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна”.

Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд ижил зүсмийн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргасан. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан морьдыг уналгад бэлдэн, сургасан байна. Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болжээ.

Дашрамд дурдахад, "Дэлхийн цэргийн наадам-2019"-ын хүрээнд 32 төрлийн уралдаан зохион байгуулахаас ОХУ-ын газар нутагт 16 нь болно. Хамтран зохион байгуулагч Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг улсын газар нутагт  бусад уралдаан болох юм.

 Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019”-д “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулах “Цэлмэг тэнгэр” уралдаанд баг бэлтгэн оролцохоор тус тусын тэмцээний газар орныг зорьжээ.