<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Цагдаагийн үнэмлэх, тэмдэг ашиглан сүрийг үзүүлж явсан этгээдэд ял оноожээ
featured

Цагдаагийн үнэмлэх, тэмдэг ашиглан сүрийг үзүүлж явсан этгээдэд ял оноожээ

 Анхбаяр гэх залуу цагдаагийн албан хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамчаар хийж, хоёр жилийн турш ашигласан байна. Хуурамч цагдаа үнэмлэхээрээ сүрийг үзүүлж байхдаа тэрээр жинхэнэ цагдаатай тааралдснаар гэмт үйлдэл нь илэрчээ. Түүнийг цагдаагийн хэсэгт аваачин хуулийн дагуу шалгасан. Улмаар эрүүгийн хуулийн 23.2.1. – Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх,энгэрийн тэмдэгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож 4 000 000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Гэмт этгээд хуурамч үнэмлэх, энгэрийн тэмдгээрээ “халтуур хийж” цагдаагийн нэр хүндийг унагаж байжээ.  2018 оны 10 дугаар сараас Анхбаяр нь  оройн цагаар ажиллаад автобусны зогсоол дээр байгаа машинуудаас үнэмлэхийг нь хурааж аваад буцааж өгөхдөө 10-20.000 төгрөг авдаг байжээ. Мөн үнэмлэхээ үзүүлэн төлбөртэй зогсоолд машинаа үнэгүй байршуулах зэргээр бусадтай дээрэнгүй харьцдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болсон байна.

Цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үзүүлж явснаас  цагдаагийн байгууллагад хохирол учраагүй ч албаны болон алба хаагч нарын нэр хүндэд халдсан үйлдэл юм. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувцас хэрэглэл болон бэлэгдэл тэмдэгийг адил төсөөтэйгээр болон дуурайлган хийхийг үйлдэхийг хориглосон заалт зохицуулалттай байдаг. Тиймээс төрийн албан хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, бичиг баримт зэргийг хуурамчаар үйлдэх нь өөрөө гэмт хэрэг. Харин хуурамч бичиг баримт  ашиглан залилангийн шинжтэй үйлдэл хийх нь гэмт хэргийг хүндрүүлж байгаа үйлдэл бөгөөд энэ мэтчилэнгээр буруу үйлдэл хийхгүй байхыг залууст анхааруулж байна. Хэнэггүй зангаасаа болж залуус гэмт хэрэгтэн болж, намтартаа хар толбо суулгах болно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Таг: