<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ А, В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд таних тэмдэг наана
featured

А, В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд таних тэмдэг наана

 Өнөөдрийн байдлаар нийслэлд 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ ачааллыг бууруулахын тулд 2019 оны наймдугаар сарын 15-наас  А, B, C гэсэн бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчлөх гэж буй юм. Тэгвэл А болон В бүс рүү орохдоо тодорхой шаардлага хангасан автомашин байх ёстой.

Үүнд:

-Татвараа төлсөн

-Торгуульгүй

-Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх

Эдгээр шаардлага хангасан, тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг нааж, А болон В бүсчлэлд нэвтүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Хэрэв шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлд эдгээр бүсэ нэвтэрвэл Зөрчлийн хуулиар торгуулах юм. Бүсчлэлийн хязгаарлалт ирэх сарын 15-наас шат дараатайгаар явагдана гэдгийг албаныхан онцолж байгаа.

Харин таних тэмдэг наалгасны дараа тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд А болон В бүс рүү нэвтэрвэл камераар харж, машины дугаарыг утсаар мэдэгдэж, арга хэмжээ авах юм байна.

-А бүсэд Бага тойруугийн хэсэг багтана

-B бүсэд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Их тойруу орчим багтаж байна.

-Хотын захын хэсгийг “С” бүс болгосон. Иргэд энэ хэсэгт машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бий болгох ажээ. Мөн бүх нийтийн зогсоолыг төлбөртэй болгож, бүсчлэлээс шалтгаалан өөр өөр үнэ тогтоох юм байна.

Хотын төвийн A, B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол байгаа аж. Зөвшөөрөлгүй буюу байгууллагууд өөрсдөө хаасан 5330 машины зогсоол байгаа юм байна. Шинээр 7384 машины зогсоол гаргахаар судалж байгаа гэнэ. Ингэснээр нийт 15696 машины зогсоолыг бий болгох аж.

Замын хөдөлгөөний шинэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний саруудад цагдаа нар А, В бүсүүдэд хатуу хяналт тавина. Бүс рүү нэвтрэх камержуулах зэргээр механик ажлыг бууруулна. Энэ шийдвэртэй холбогдуулан Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв илүү хариуцлагатай ажиллан, жолооч нарын торгуулийг шуурхай төлүүлэх,тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах арга хэмжээ авах аж. Мөн албаныхан, "А, В бүс рүү ороход дарга цэргийн ялгаа байхгүй. Даргын машин гэхээр төлбөргүйгээр зогсоол дээр байршина гэсэн үг биш.  Шуурхай алба, хэвлэл мэдээллийн, бүрэн цахилгаан машинууд, нийтийн тээвэр чөлөөтэй нэвтэрнэ" гэдгийг хэлж буй.

Замын хөдөлгөөний журамд ямар ч өөрчлөлт орохгүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр хотын захын замуудад нэмэлт ачаалал үүсэхгүй гэж албаныхан үзэж буй.