<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Улс төрийн намуудын удирдлага Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна
featured

Улс төрийн намуудын удирдлага Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар  өчигдөр улс төрийн намуудын удирдлагыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан юм.  Уулзалтын гол зорилго нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор намуудын байр суурийг сонсох, санаа оноогоо нэгтгэх явдал байв.  Энэ бол намуудын удирдлагатай хийж буй анхны уулзалт биш бөгөөд цуврал уулзалтууд үргэлжилж байна гэсэн үг юм. Энэ удаагийн уулзалтад оролцсон 10 гаруй намын дарга нар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулахыг бүгд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  Тус уулзалтад Монголын Үндэсний Ардчилсан нам, Иргэний Зориг, Ногоон нам, Эх орон нам, Монголын Либериал нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Хамаг Монгол, хөдөлмөрийн нам, Ард түмнээ хайрлъя зэрэг намын удирдлагууд оролцож санал бодлоо солилцжээ.

Уулзалтын үеэр Хөөдөлмөрийн Үндэсний намын дарга  Удирдах Зөвлөлийн дарга  Т.Доржханд Засгийн газрыг хүчтэй болгохын тулд тогтвортой байдлыг нь хангаж өгөх нь маш чухал байна.  Ерөнхий сайд нь парламентаа тараах хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой, энэ бол парламентын засаглалтай улс орнуудын нийтлэг жишиг гэсэн байр суурийг ХҮН намын зүгээс хатуу баримталж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн Дэлхийн монголчууд намын дарга Г.Тэмүүжин “Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг нь болсон. Энэ нь олон талын ач холбогдолтой. Хамгиййн гол нь байгалийн баялгийг жинхэнэ утгаар нь ард түмний өмч байх боломжийг хангаж өгнө гэж харж байна” гэв.

Харин ИЗН-ын гишүүн Э.Эрдэнэбаатар “Хэт олон зүйл заалт оруулах гээд энэ гарах Үндсэн хууль маань хэт хэврэг болчих вий гэсэн” болгоомжлолоо илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэнээсээ эхлээд үүрэг хариуцлага нэхээд байгаа. Дээрээ суудлаа олохгүй болхоор  доороо гүйдлээ олохгүй байгаа юм. Ийм учраас энэ өөрчлөлтийг хийхээр санал бодлоо солилцож байна. Үндсэн хуулийн өөрчлөлт бол улс эх орны эрх ашгийн төлөө хийж буй ажил” гэдгийг тодотгосон юм.

УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд  “Үндсэн хууль бол амьд организм. Тийм учраас  улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн улам сайжруулж чамбайруулаад явах нь  дэлхий нийтийн жишиг, тухайн улс орны  үндэсний эрх ашгийн асуудал юм. Харин ингэхдээ аль нэг нам, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн зарчим баримталж байгаа учраас зөвшилцөл ойлголцолыг эрхэмлэж  уулзалт хэлэлцүүлгийг нийгмийн бүх талын төлөөллүүдийг оролцуулан аль болох олон удаа зохион байгуулж байна” гэдгийг онцолсон юм.