<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Турк улс Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад бэлэн байна
featured

Турк улс Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад бэлэн байна

УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоптой Төрийн ордноо өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

 Уулазлтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Мустафа Шентопийг урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн сацуу нийгэм, эдийн засгийн, аялал жуулчлалын, иргэний нисэхийн зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. 

 Эрхэмсэг ноён Мустафа Шентоп халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлж, хэдий хоёр орны дипомат харилцаа 50 жилийн настай ч, түүх соёлын холбоогоороо мянга мянган жилийн харилцаатай байсныг цохон тэмдэглэв. Тэрбээр, өвөг дээдсийн үлдээсэн өв соёлын ачаар хоёр улс ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирснийг дурдаад, аливаа саад бэрхшээлийг хамтран даван туулж, хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улсын хамтын ажиллагааны голлох салбар болох худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуучлал зэрэг хосолсон салбарыг дэмжиж ажиллахыг хүслээ. Энэ хүрээнд хоёр талын парламентаас Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах зэрэг тодорхой төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаар тогтов. Түүнчлэн хоёр улс Урал-Алтайн хэлний бүлэгт багтдаг бөгөөд энэ бүлэгт хамаардаг улсуудын парламентын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж ажиллахаар тохиролцлоо. 

 УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн олон төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлэв. 

 

БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп, хоёр орны худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг олон зуун сая ам.долларын эргэлтэд оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу, "Turkish airline" компанийн шууд нислэгийг ойрын хугацаанд өдөр бүр хуваарьтай болгож, зорчигчдийн тоог нэмэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ингэснээр, Турк улсаас хөрөнгө оруулагчид Монголын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулахад бэлэн байгаа гэлээ. Мөн Турк Улсын "НОУ-ХАУ" буюу шинэ технологи нэвтрүүлэх туршлагыг Монголд нэвтрүүлж, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих талаар санал солилцлоо. 

 Ноён Мустафа Шентоп, хоёр улсын их, дээд сургуулиудын харилцаа холбоо хурдацтай хөгжиж байгааг дурдаад, Монгол Улсын БСШУСЯ-тай хамтран монгол оюутныг Турк улсад  суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Мөн тэрээр, ТИКА Монгол Улсад 600 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлээд буйг онцлон тэмдэглэж, цаашид тус байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэв. 

 Уулзалтын төгсгөлд талууд, БНТУ-ын "ФЕТО" террорист байгууллагын талаар мэдээлэл солилцов. Ноён Мустафа Шентоп, тус байгууллага Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлж буйг мэдэгдэж, Монгол Улсын холбогдох албаныхан энэ талаар мэдээлэлтэй байгаад олзуурхан, даруй арга хэмжээ авч, хоёр орны найрсаг харилцаанд сэв суулгахгүй байхад хичээж ажиллана гэлээ. 

 Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улс, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтэд оролцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, ТИКА-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн нээлтэд оролцох юм.

Таг: