<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхийлөгч санал болгохдоо улсын нийслэлийг хотод, хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар тусгасныг танилцуулав
featured

Ерөнхийлөгч санал болгохдоо улсын нийслэлийг хотод, хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар тусгасныг танилцуулав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх ЕТГ-ын дарга З.Энхболдын танилцуулгаар үргэлжиллээ. 

 

Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхийлөгчийн төсөлд, Үндсэн хуульд Монгол Улсын  нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд хуваагдах бөгөөд аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байсныг өөрчилж хот гэдэг статусыг нэмэхийг Ерөнхийлөгч санал болгосныг уламжиллаа. Ингэхдээ, Улсын нийслэлийг  хотод, хот  нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар тусгасныг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, "Үндсэн хуульд хот гэдэг үг нэмж оруулснаар, хүн ам нь 300 мянга давсан Дархан-Уул, Орхон аймаг болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цаашдын хөгжлийн асуудлыг шийдэж, хотын статустай болгох шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн 57.3-т өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хот байгуулах, хил хязгаарыг тогтоох асуудлыг ИТХ-ын саналыг үндэслэн УИХ шийддэг байсныг өөрчилж, эдийн засаг, хүн амын байдлыг харгалзан Засгийн газраас УИХ-д санал оруулж шийдвэрлэх юм.  Монгол Улс нь аль нэг аймгийн ИТХ-ын гишүүнээс хамаарч хот байгуулах ажлаа хойш тавьж болохгүй. Энэ бол өнгөрсөн 30 жилд нэг ч хот байгуулаагүйн шалтгаан. Өнгөрсөн хугацаанд Орхон, Дархан-Уул аймаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ өөрчлөхийн тулд Булган, Сэлэнгэ аймгийн ИТХ, иргэдээс санал авсан ч шийдэлд хүрээгүй. Тэгвэл төслийн уг заалт дэмжигдвэл, асуудлаа Засгийн газартаа тавьж, УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

 Хархорум хотыг нийслэл болгон шилжүүлэхээр болбол, Үндсэн хуульд Улаанбаатар гэж нэр заасан учир уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Тиймээс тухайлсан нэр заах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийн хот болон аймгийн хотын ялгаа, онцлогийг тусгайлан зохицуулах, улмаар нийслэлийн хотын дүүрэг нь хорооны зохион байгуулалтад орох шаардлага үүснэ. Тиймээс Аймаг нь хотоосоо, сум нь дүүргээсээ ялгагдах онцлогтойг харгалзан Аймгийн эрх зүйн байдлын тухай хууль, Сумын эрх зүйн байдлын тухай хууль, Дүүргийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тусад нь батлах асуудал гарна" хэмээн тайлбарлав.  

 

Дараа нь УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа өмнө Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хөндсөн багц сэдвийн дундаас хамгийн ярвигтай, эцсийн хариу нь гардаггүй нь орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоо, тэр дундаа хотын асуудал байсныг онцолсон. Тэрбээр ярихдаа, "Монгол Улс яагаад хоттой байж болдоггүй юм бэ гэсэн асуултыг тавихаар иргэд, судлаачдын санал, байр суурь үргэлж зөрүүтэй байдаг. Өмнөх парламентын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарт Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот гэж нэр зааж өгсөн байдаг. Бид шинэ хот бий болгох үүднээс нэр заалгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тусгаж өгсөн гэж байлаа. 

Үргэлжлүүлэн АН-ын нарийн бичгийн дарга Д.Оросоо УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг танилцуулсан. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын зарим зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ засаж сайжруулах, анхаарах зүйл байгаа гэлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн 13.1.-д Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот  нь дүүрэгт хуваагдана гэж тусгасанд төрийн дээд байгууллагууд бус парламент нь байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзнэ гэж томьёолох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Учир нь  нийслэл хот  шилжих, хот тэлэх нөхцөлд төрийн дээд байгууллагууд өөр газар, нутагт оршин байх тул парламент нь оршдог гэж  томьёолох нь зүйтэй гэж байлаа. Мөн 59.3-т Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг 5 жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын төлөөлөгчдийн олонх Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компанийн захирал болж, Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, Засаг даргаа хамгаалагч болж хувирдаг. Иймд аймаг, сумын төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тодорхой хувийг төрд ажиллуулах хязгаар тогтоож өгөх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Танилцуулгын дараа Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар үг хэлж, улс төрийн 14 намын байр суурь, саналыг нэгтсэн мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн юм.